БАЯН-ӨЛГИЙ: Цасан боогдсон 8 хүний амийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-13 10:50:47

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт Сар шинийн баярын амралтын өдрүүдэд нийтдээ 8 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.


Тус газарт Алтай, Цэнгэл сумаас цасан шуурганаар малчин малтайгаа уруудсан 1, гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар 1, цасан шуурганаар хүн төөрсөн гэх 1, яаралтай хагалгаанд орох өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашин цасанд суусан 1, Бугат, Цэнгэл суманд тээврийн хэрэгсэлтэй цасанд суусан 2, Дэлүүн суманд хүн цасан нурангид дарагдсан 1, мал цасанд дарагдсан 1 дуудлага тус тус иржээ.


Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газраас 32 алба хаагч, 8 тээврийн хэрэгсэл, мэргэжлийн анги, сонирхлын клубүүдээс 21 хүн, 4 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, төөрсөн, сураггүй алга болсон, малтайгаа уруудсан, цасан боогдсон 8 хүний амийг болзошгүй эрсдэлээс авран хамгаалжээ.


Дэлүүн сумын 11 дүгээр багийн Төгрөг хэмээх газарт мал оторлуулж байсан иргэн А цасан нурангид дарагдсан дуудлага энэ сарын 12-ны өдрийн 19.50 цагт иржээ. Дуудлагын дагуу эрлийн бүлэг эрэн хайх аврах ажиллагааг явуулж байгаа бөгөөд иргэнийг одоог хүртэл олоогүй аж. Иймээс эрэн хайх нэмэлт бүлэг гаргаж байгааг албаны хүн хэлэв. 

Холбоотой мэдээ