Биржээр жилийн хугацаанд 15.1 сая тонн нүүрс арилжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-12 15:57:42

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж эхэлсний 1 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталж, нүүрсний арилжааг Монголын Хөрөнгийн биржээр явуулах шийдвэр гарсан юм. Тус шийдвэрийн дагуу Монголын Хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр анхны цахим арилжааг зохион байгуулсан юм.

Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлснээр өнгөрсөн 1 жилийн хугацаанд худалдагч компаниуд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.

Дуудлага арилжааны ханш дунджаар 10.7 хувиар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 529.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олоод байгааг Монголын Хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ мэдээллээ.

Анх арилжаа эхлэх үед 45 харилцагч буюу худалдан авагч системд бүртгүүлж байсан бол өнөөдөр нийт 244 худалдан авагч компани бүртгүүлж, гэрээ байгуулжээ.


УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс тус хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн төдийгүй мөн энэ өдөр "Монголын Хөрөнгийн бирж" ХК СЗХ-ноос уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар Монголын Хөрөнгийн бирж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжлөө.

Улмаар Монголын Хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах үүднээс 2023 оны 5 дугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар экспортод гаргах нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм.


Мөн 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжсан уул уурхайн бүтээгдэхүүний Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн зэрэг хууль эрх зүйн орчинд холбогдох шинэчлэлтийг хийгээд байна.


Дээрх шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын Хөрөнгийн биржээр арилжсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болжээ. Энэ нь бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлсэн жил байсныг онцолжээ.

 

Холбоотой мэдээ