СЭЛЭНГЭ: Б.Цэвээндаш: Би өөрийгөө л ялах зорилготой марафон гүйдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-11 15:07:11

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хойд хил Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, ОХУ-ын хил хүртэл 355 километр замыг туулахаар энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Зайсан толгойгоос "Ice Nomad Marafon" хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өнөөдөр ирлээ.

 

-Сайн явж байна уу? Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу, та?

-Сайн явж ирлээ. Шинэ оны хамгийн эхний ажлын өдөр буюу 1 дүгээр сарын 2-ны өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд Зайсан толгойгоос гүйлтээ эхэлсэн. Яг өнөөдөр 8 дахь хоног дээрээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод орж ирлээ. Одоо бариандаа ороход ердөө 20 гаруйхан км үлдлээ. Алтанбулаг сум руу явж байна. Бариа маань тун ойрхон байна.

 

-Та хэзээнээс гүйлтийн спортоор хичээллэв. Муу зуршлаа спортоор сольсон гэсэн байх аа?

-Миний хувьд муу зуршлаа хаяж, эрүүл  мэндээ дээдэлж, хайртай хүмүүсээ баярлуулах зорилгоор 2008 оноос эхлэн гүйж эхэлсэн. Хүн болгонд л бага сага муу зуршил байдаг. Би болохоор архинаас гарч ээжийгээ баярлуулах, тамхинаас гарч охиноо баярлуулах зорилгоор муу зуршлаасаа салж, спорт луу орсон. Хамгийн чухал нь өнөөдрийг хүртэл тогтмол гүйж байгаа ч хэн нэгэнтэй өрсөлдөх биш, өөрийгөө ялах зорилготой гүйж байгаа.

 

Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн манай монгол орон ямар сайхан баялаг, үзэсгэлэн төгс орон билээ. Иймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ мэт марафон гүйлт бусдыг татах нөхцөл гэж бодож байна. Ийм сайхан зүйлийг манлайлан гүйж байгаадаа баяртай байгаа. Манай орон энэ сайхан өвлийн улирлын давуу талаа ашиглах хэрэгтэй гэж боддог.

 

-Өмнө холын зайд гүйж байв уу. Таныг бас уулын спортоор хичээллэдэг гэж сонссон?

-Аав минь Хэнтий аймгийн Дадал сумын хүн. Иймээс аавдаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор Хэнтий аймгийн 100 жилийн ойгоор, аавынхаа төрсөн Дадал сум руу 618 км замыг 17 хоногт туулж гүйсэн. Ингэхдээ зүгээр гүйгээгүй. Байгаль дэлхийгээ хайрлахад ард түмнээ уриалж, өөрийн төрсөн ахтайгаа хамт хурдаа хасаарай, аядуу зөөлөн яваарай гэж уриалахаас гадна гүйлтийнхээ замын хажуугаар хог түүж байгаль орчноо хамгаалах зорилготой гүйсэн. Заавал машин тэрэгтэй явах албагүй, улсын баярын үеэр ахтайгаа бид хоёр ингэж хоёр хөлөөрөө гүйж ороод, хоёр хөлөөрөө гүйгээд гарч, их эзэн Чингис хаан, аавдаа, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлсэн.

 

Уулын спортын тухайд би өөрөө уулчин биш байх үедээ дэлхийн дээвэр буюу Эвэрст ууланд анхныхаа авиралтаар 2012 оны 5 сарын 19-ний 11 цаг 16 минутад эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж чадсан. Энэ бол манай “Хөх тэнгэр” багийнхны ач тус, дэмжлэг байсан.

Хайрхан биднийг сайхан хүлээж авсан.

 

-Ер нь спортоор хичээллэх, таны насны хүмүүст үлгэр болоход таны зүгээс юуг зөвлөх бол?

-Хүн ер нь насаараа л байнга хөдөлж байх хэрэгтэй. Тэтгэвэрт гарлаа гээд сэтгэлээр унаад эхэлдэг. Иймээс хөдөлж, гүйж, биеийн тамираар хичээллэж, өөртөө таарсан тохирсон зүйлийг хийж байх хэрэгтэй. Манайхны нэг муу зүйл байна. Өвөл болохоор даарлаа гээд л дулаан байрандаа шигдээд эхэлдэг. Алхам газар явган яваад оччихгүй автобус, такси гээд л. Улаанбаатарт ямар их түгжрээ, ямар их стресс бухимдалтай байгаа билээ. Энэ бүхнээ төр засаг руугаа дайраад байдаг. Угтаа бол тэр түгжрэлийг бид өөрсдөө үүсгээд байгаа юм шүү дээ. Иймээс иргэддээ хандаж хэлэхэд спортлог бай, хүүхдүүдээ ч гэсэн спортод дуртай, байгаль дэлхийтэйгээ ойр өсгөх нь сайн гэж санагддаг.

 

Ер нь байгаль дэлхий, агаар салхитайгаа ойр байсан хүн хамгийн эрүүл, дархлаа сайтай байдаг.  Хүүхдүүдээ зуны цагт хөл нүцгэн гүйлгээд, булгийн усанд оруулаад байвал. Би өөрөө өвөл сайхан, харзны усанд орно, цасаар биеэ арчина.

 

-Өвлийн ид тэсгэм хүйтнээр гүйлээ. Зам ямар байв. Гүйлтийн зам хэр байв. Хүндрэл байсан л байх?

-Сая намайг гүйж байх хугацаанд 3-4 хоног нь маш их хүйтэн, цасан шуургатай байлаа. Тэгсэн ч гүйлтээ зогсоолгүй гүйсээр ирлээ. Би өөрөө цэргийн хүн, Монгол Цэргийн хурандаа хүн. Иймээс энэ цол маань монголдоо төдийгүй, дэлхийд хүндтэй цол байдаг.

 

Энэ цолыг дааж явах нь хувь хүнээс маш их шалтгаалдаг. Ийм учраас монгол хүн, монгол цэрэг, монгол хурандаа ямар их тэсвэр тэвчээртэй байдгийг хүүхэд залуустаа, шинэ залуу үеийн цэрэг арми, хүчний байгууллагын алба хаагчид маань хараасай. Үнэхээр болдог юм байна гэдгийг. Нэгийг бодох байлгүй дээ.

 

Яг идэр есийн хүйтэнд гүйнэ гэдэг бол нэлээд тэвчээр шаардана. Өдөр бүрийн бэлтгэл сургуулилт, сэтгэл зүйн хувьд бэлтгэл сайтай байснаараа давж байна. Гүйлтийн зам маш хэцүү, саад бэрхшээл их байлаа. Цас ихтэй шагайгаар татаж байсан. Мөн халтиргаа гулгаа ихтэй, дээр нь овон  товон мөс янз бүрийн хэлбэр дүрстэй байлаа. Мөн дээр нь нарийн замтай, гүйж явахад хажуугаар том машинууд явахад хүндрэлтэй байсан.

 

Харин Дархан, Улаанбаатарын хооронд 4 эгнээ замтай 2, 2 эгнээгээр явж байгаа болохоор их сайхан байсан. Тэр замыг барьж байгуулсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Үргэлжлээд Сэлэнгэ, Алтанбулаг хүртэл яваасай гэж бодож байна.

 

Марафон гүйж байгаа тамирчид өвөл нэг их гүйдэггүй байх аа?

- Миний энэ гүйлт анхдагч байх аа. Марафон гүйдэг хүмүүс, гүйлтийн тамирчид өвөл гүйхдээ таатай байдаггүй л дээ. Яагаад гэвэл гэмтэл бэртэл авах, осол аваар ихтэй, хүйтэн байдаг учраас.

 

Би Сэлэнгийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл намайг бага байхад төрсөн аав минь бурхан болсон. Тэгээд ээж минь амьдралын эрхээр өөр хүнтэй ханилсан. Тэр аав минь Сэлэнгийн буриад хүн. Орос улсад барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн хүн байлаа.

Энэ удаагийн миний гүйлт мөн л тэр аавынхаа гэгээн дурсгалд зориулсан, миний сэтгэл зүрхний гүйлт болж байгаа юм.

 

-Танд амжилт хүсье. Баярлалаа.

 

Холбоотой мэдээ