СЭЛЭНГЭ: Хүүхдийн өвчлөлийн 83.3 хувийг амьсгалын замын томуу томуу төст өвчин эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-08 14:47:13

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 08 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 374 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын цаг үеийн ажлын талаар аймгийн ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцэцэгээс тодрууллаа.

 

-Тэрээр: Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 41.4 хувь буюу 105 нь 0-5 насны хүүхэд байна. Эдгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 129 буюу 83.3 хувь нь амьсгалын замын өвчлөл болох томуу томуу төст өвчин эзэлж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 48, Мандал сумын НЭ-ийн хүүхдийн тасагт 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн хэмжээнд анхаарал татсан хүнд өвчтөн 13 байгаагийн 10 нь аймгийн төв Сүхбаатарт, үлдсэн 3 нь Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж, аймгийн хэмжээнд ор ашиглалт 41.3 хувьтай байгаа.

 

Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээний нийт дуудлагын 13.3 хувийг алсын дуудлага эзэлж байна хэмээн ярилаа.  

Холбоотой мэдээ