ЗАВХАН: Хурдан цэгээр үйлчлүүлэгчдийн 60 гаруй хувь нь лавлагаа тодорхойлолт авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-28 15:15:38

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Тус аймагт ажиллаж буй төрийн үйлчилгээний "Хурдан" цэгүүдээр 15 мянга гаруй хүн үйлчлүүлжээ.


Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмж сэргэлтийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй болгохоор “Хурдан” цэгүүдийг байгуулан ажиллаж байгаа юм.


Завхан аймгийн хувьд иргэдэд төрийн цахим үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор хүн амын нягтрал их, томоохон сумдын төвүүдэд байгуулсан.

Өнөөдрийн байдлаар аймгийн төв, Улиастай суманд 3, Тосонцэнгэл суманд 1 “Хурдан” цэгийг байгуулж, давхардсан тоогоор 15000 гаруй иргэнд цахим үйлчилгээ үзүүллээ.


Хурдан цэгээр дамжуулан төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг операторын горимоор хүргэн ажиллаж байна.

Иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг захиалах, солих, нөхөн олгох тээврийн хэрэгслийн үйлчилгээний төлбөрүүдийг ч төлөх боломжтой юм.

Хурдан цэгээр үйлчлүүлсэн иргэдийн 60 гаруй хувь нь лавлагаа, тодорхойлолт авсан байна.

Холбоотой мэдээ