Ганцаараа зорчиж явсан зургаан настай хүү буруу онгоцонд суужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-27 14:24:34

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /ВВС/. АНУ-д ганцаараа зорчиж явсан зургаан настай хүү Spirit Airlines компанийн "буруу онгоцонд" сууж, буруу хотод” газарджээ.


Каспер хэмээх тэр хүү Флорида муж улсын Форт Майерс хотод байдаг эмээ дээрээ очихоор Филадельфи хотоос гарчээ. Гэвч түүнийг буруу онгоцонд суулгасан тул тэрбээр Форт Майерс хотоос машинаар дөрвөн цаг явж хүрэх Орландод газардсан байлаа.


Spirit Airlines компанийн зүгээс хүлцэл өчиж, Касперыг машинаараа ирж авах эмээд нь нөхөн төлбөр өгөхөөр болжээ.


Өнгөрсөн пүрэв гарагт Каспер хүү Филадельфийн олон улсын нисэх онгоцны буудлаас Форт Майерс дахь Флоридагийн баруун өмнөд олон улсын нисэх онгоцны буудал руу нисэж эмээ Мария Рамостой уулзахаар төлөвлөсөн байв.


"Гэртээ ганцаараа 2" киноны Кевин зул сарын баяраар гэр бүлийнхнээсээ төөрч буруу онгоцонд суудаг үйл явдлыг санагдуулам тохиолдлоор  Касперыг Форт Майерсаас 260 км зайд байдаг Орландо хот руу нисэх нислэгт суулгасан байлаа.


Аз болоход Каспер Орландо хотод газардсаныхаа дараахан эмээтэйгээ утсаар холбогдож чадсан тул хатагтай М.Рамос ач хүүгээ авахаар Форт Майерс хотоос машинаар явжээ. Тэрбээр түүний ач хүү “яагаад Орландо хотод газардсаныг мэдмээр байна. Каспер өөрөө буруу онгоцонд суусан уу, эсвэл түүнийг өөр онгоцонд суулгасан уу?” гэж ярьжээ.


"Бид бүх зорчигчдынхоо аюулгүй байдал, зорчигч тээврийн хариуцлагыг батлан даах асуудлыг нухацтай авч үзэж, дотоодын шалгалт явуулж байна. Ийм явдал болсонд Касперын гэр бүлийнхнээс хүлцэл өчье" гэж Spirit Airlines компани мэдэгджээ.


Ийм золгүй явдал ховор тохиолддог боловч хараа хяналтгүй насанд хүрээгүй хүүхдүүд болон зарим зорчигчид буруу нислэгээр зорчиж байсан тохиолдлууд бий.


2009 онд тус тусдаа ганцаараа явж байсан хоёр охиныг Continental Airlines компанийн АНУ-ын дотоодын өөр нислэгт суулгасан явдал гарч тус компани энэ явдлыг "ажилчид хоорондоо буруу ойлголцсоноос" болсон гэж мэдэгджээ.


Мөн 2019 онд Швед рүү зорчих гэж байсан нэгэн хүүг United Airlines компанийн Герман руу нисэх нислэгт суулгасан явдал гарчээ.

Холбоотой мэдээ