Дизелийн түлш, Аи-92 автобензинийн нийлүүлэлт хангалттай хэмжээнд байгаа гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-18 14:12:59

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Түүний мэдээлснээр энэ оны 12 дугаар сарын 1-17-ны хооронд:

  • ОХУ-аас 61.140 тонн,
  • БНХАУ-аас 10.080 тонн,
  • нийт 71.220 тонн дизелийн түлш улсын хилээр орж иржээ.

Энэ 12 дугаар сард 133.500 тонн дизелийн түлш нийлүүлэх юм байна. 12 дугаар сарын 17 буюу өчигдрийн байдлаар ОХУ-аас 320 вагон буюу 19.200 тонн дизелийн түлш тус улсын төмөр замаар ирж байгаа аж. Харин БНХАУ-ын төмөр зам дээр 90 вагон буюу 5040 тонн дизелийн түлш ачигддаг замдаа оржээ.


"Хилийн цаана нийт 330 вагон буюу 24.240 тонн дизелийн түлш ачигдаад байна. Тиймээс дизелийн түлш болон Аи-92 автобензинийн ханган нийлүүлэлт хэвийн байгаа" хэмээн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэлэв.


Тэрбээр, шатахууны нийлүүлэлтийн хүндрэл дотоод дахь түгээлтэд байна гэв. Тодруулбал, хүйтний эрч чангарч буйтай холбоотойгоор нийслэл доторх замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс үүдэн шатахуун тээвэрлэн нийлүүлж буй автомашинуудын эргэлт удааширсан. Өмнө нь шатахууны цистернүүд бензинээ 4-5 удаа нийлүүлж байсан бол одоо нэг л удаа эргэж байна гэв.


УУХҮЯ: БНХАУ-аас 10 мянган тонн түлш ачигджээ.


Мөн нефть бүтээгдэхүүний агуулахууд бүрэн хүчин чадал, хүн хүчээр ажиллаж дийлэхгүй байгаа учир нийслэл дэх болон аймаг, орон нутаг руу нийлүүлэх шатахуун тодорхой хэмжээгээр доголдож буйтай санал нэг байгаагаа хэллээ.


Цаашид дизелийн түлшний хангамж хэвийн болно. Учир нь уул уурхайн үйлдвэрлэл хүйтрэлтээс болж буурч байна. Жишээ нь, хөрс хуулалт багассан учир дизелийн түлшний хэрэглээ 195 мянган тоннд хүрч, бараг 2 дахин буурчээ. Үүнтэй холбоотойгоор тус салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хамгийн их хэрэглэдэг дизелийн түлшний хангалт нэмэгдэж, хэрэглээ буурна. Ирэх оны 1 болон 2 дугаар сард уул уурхайн салбарын хэрэглээ бүр буурна гэв.


Тодруулга: Экологийн өндөр ангилал бүхий Евро-5 стандартын Аи-92 автобензин борлуулж буй ШТС-ууд:


БНХАУ-аас импортолж буй Евро-5 стандартын дизель түлшийг дараалал болон хязгаарлалтгүй олгож буй ШТС-уудыг мэдээлэл: 


Эх сурвалж: УУХҮЯ

Холбоотой мэдээ