Монгол, Киргиз аялал жуулчлалаар бүс нутагт хамтран ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-05 17:36:38

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол, Киргиз улс аялал жуулчлалын салбарт бүс нутагт хамтран ажиллах өргөн боломжтой.


Тодруулбал, Монгол Улс Киргиз Улсаар дамжуулан Төв Азийн зорчигч жуулчдыг хүлээн авах, Киргиз Улс БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнууд руу аялж зорчиход Монгол Улс коридор болох боломж байна. Энэ талаар өнөөдөр “Блью Скай” зочид буудалд болсон хоёр улсын аялал жуулчлалын форумоор хэлэлцлээ. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас зохион байгуулсан уг форумд манай улсын БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын тур оператор компаниудын төлөөлөл оролцлоо.


Киргиз Улсын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Айбек Артыкбаев, манай улсад хүрэлцэн ирээд буй Киргиз Улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэд ерөнхийлөгч Жолчубек Батырбеков, Аялал жуулчлалын газрын дарга Н.Минбаев нар оролцлоо.


Форумыг Элчин сайд, доктор Айбек Артыкбаев нээсэн юм. Тэрбээр Киргиз, Монгол хоёр улс өнө эртний харилцаа, нүүдлийн түүх, соёлтой орнууд гэдгийг онцлоод “Манай улс байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор шинэ технологи ашиглан, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бүхий л нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна” гэв.


Энд тэрбээр Киргизийн сувдан нуур хэмээх Иссык-Колын эрэгт барьж буй орчин үеийн Асман (The Sky) хотыг жишээ татан дурдлаа. Мөн тус улс БНХАУ-Киргиз-Узбекистан чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх гэж буйг мэдээллээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр Киргиз Улс Зүүн Ази, Европ, Хойд болон Өмнөд Азийг холбосон хамгийн дөт замыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь Монгол, Киргиз хоёр улс аялал жуулчлалаар бүс нутагт хамтран ажиллах боломжийг ч нэмэгдүүлнэ гэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров энэ онд Монгол Улсад төрийн айлчлал хийснийг тэрбээр тодотгоод, айлчлалын үеэр хоёр улс аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар хэлэлцсэн. Уг ажлын хүрээнд өнөөдөр Монгол Улсад Монгол-Киргизийн аялал жуулчлалынхан нүүр тулан уулзаж, "Рөүд шоу" үйл ажиллагаа бүхий форумыг зохион байгуулж буйг тэмдэглэн хэлэв.


Форумын үеэр хоёр орны аялал жуулчлалын уулзалт, эвент үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байхаар болж, ирэх 2024 онд Киргиз Улсад хийхээр тогтсон талаар зохион байгуулагч нар мэдээллээ. Энэ онд Киргиз Улсад Монголын 378 иргэн, Монгол Улсад Киргизийн 783 иргэн зорчин аялсныг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт форумын үеэр мэдээлсэн юм.


Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, ижил нөхцөлтэй манай хоёр улсын хооронд нүүдлийн, ахуй соёлын, байгалийн болон уламжлалт анагаах ухаан, сувиллын, “Торгоны зам”-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж буйг хэлсэн юм. Киргизээс Монголд хөдөө аж ахуй, жимс жимсгэнэ, гастрономи, хүнсний болон үйлчилгээний салбарт хамтарсан бизнес хөгжүүлж, хөрөнгө оруулах боломжтойг ч тэрбээр хэллээ.



Холбоотой мэдээ