Л.Месси 2026 оны ДАШТ-д оролцохоо үгүйсгэсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-12-02 23:38:28

БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 2 /France24/. Лионель Месси 2026 онд Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргын цомын төлөөх тэмцээнд дахин оролцохоо үгүйсгэсэнгүй.


Саяхан “Алтан бөмбөг” шагналыг /Ballon d'Orнайм дахь удаагаа хүртсэн Л.Месси жилийн өмнө Катарын нийслэл Доха хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолтод Францын эсрэг Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож дэлхийн аварга болсон билээ.


Өдгөө 36 настай тэрбээр тухайн үед Катарт болох тэмцээн өөрийнх нь хувьд сүүлчийнх байх бөгөөд АНУ, Канад, Мексикийн хамтран зохион байгуулах дараагийн ДАШТ-д оролцохгүй хэмээн ярьж байсан удаатай.


Гэвч Интер Майами” клубт шилжин ирж, 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад шигшээ багийнхаа төлөө үргэлжлүүлэн тоглож байгаа тэрбээр Аргентины Star+ сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ тус тэмцээнд оролцох үүд хаалга нээлттэй хэвээр байгаа талаар ярьжээ.


Би ДАШТ-ий талаар бодохгүй байгаа, гэхдээ юу ч тохиолдож магадгүй учраас би тус тэмцээнд оролцохгүй гэж 100 хувь итгэлтэй хэлж чадахгүй байна. Насны хувьд ч миний хувьд оролцохгүй байх нь хэвийн л зүйл. Юу болохыг харъя” гэж Л.Месси хэлсэн байна.

Холбоотой мэдээ