Монголын компаниудыг Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-30 15:11:31

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хонконгийн Үнэт цаас, Фьючерсийн хороо (SFC)-ны дарга Тийм Луй (Tim Lui), Гүйцэтгэх захирал Жулиа Лиюн (Julia Leung), Хонконг, Макао дахь Монгол Улсын Ерөнхий консул О.Хулан болон холбогдох бусад төлөөлөгч нарын хамт албан уулзалт хийлээ.


Уулзалтаар Монголын аж ахуйн нэгж, компаниудыг Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хяналт, зохицуулалтын орчны талаар санал солилцож, Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар зөвлөлдөв. Ингэснээр Хонконгийн Үнэт цаас, Фьючерсийн хорооноос Монголын аж ахуйн нэгж, компаниудыг Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргахад дэмжлэг үзүүлж, Монголын хөрөнгийн биржийг “Recognized Stock Exchange” статустай болгох хүрээнд хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцсон байна. 


Түүнчлэн СЗХ-ноос санаачлан Монголын хөрөнгийн зах зээлийг Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхээр “Mongolia's Capital Market Connectivity: Hong Kong” үйл ажиллагаа зохион байгуулжээ. Мөн Хонконгийн Хөрөнгө оруулалтын агентлагийн гүйцэтгэх захирал Алфа Лау (Alpha Lau) болон холбогдох бусад төлөөлөгчтэй уулзаж, Хонконгийн бизнесийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл авч, бизнес эрхлэгчид болон санхүүжилтийн сүүлийн үеийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын урсгалын талаар хэлэлцсэнийг СЗХ-ноос мэдээлэв. 

Холбоотой мэдээ