Бизнесийн цахим шилжилт эдийн засгийг төрөлжүүлэх боломжтойг хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр
сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ЭЗХЯ, Герман улсын олон улсын хамтын
ажиллагааны (GIZ) нийгэмлэг, МҮХАҮТ
хамтран “Цахим эдийн засаг-дэлхийн зах зээлд гарах хөшүүрэг болох нь”
хэлэлцүүлгийг “Холидэй Инн” зочид буудалд зохион
байгууллаа.
Хэлэлцүүлгээр цахим
эдийн засгийн шилжилтэд тулгуурлан эдийн засгийг төрөлжүүлэх боломжтойг ярилцлаа. Энэ нь гадаад
худалдааны нээлттэй байдлыг нэмэгдүүлж, экспортын боломжийг өргөтгөх хүчин зүйл юм. Энэ талаар хувийн хэвшилд
тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар
төр,
хувийн хэвшлийн төлөөллүүд санал солилцов.
Монгол Улсын
экспорт сүүлийн 20 жилийн хугацаанд төрөлжөөгүй, нэг төрлийн бүтээгдэхүүнээс
хамааралтай явж ирснийг оролцогч нар тодотгож
байлаа.
Жишээ нь, манай улсын экспортод гаргаж
байгаа нийт бараа бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн экспорт байна.
Энэ байдал нь
дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унах үед ДНБ-ний хэмжээ буурч, үнэ өсөх үед
ДНБ-ний хэмжээ нэмэгддэг тогтворгүй өсөлтийг бий болгодог. Тиймээс цахим
эдийн засгийн шилжилтэд тулгуурлан уул уурхайн бус, ХАА-н гаралтай болон бусад
бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал юм гэдгийг онцолж байв. Цахим
шилжилт нь:
- худалдааг илүү
хөнгөвчлөх,
- аж ахуйн нэгжүүдээс гарч буй зардлыг бууруулах,
- бизнесийн үйл явц,
үйл ажиллагааг илүү тодорхой болгож,
- хэрэглэгчдийн ашиглаж буй платформд бараа бүтээгдэхүүнээ байршуулах зэргээр эдийн засгийн олон боломжийг гаргаж ирдэг ач холбогдолтойг хэлэлцэв.