Хэт халалтаас үүдэлтэй нас баралт эрс нэмэгдэж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-11-20 16:47:40

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /Reuters/. Дэлхийн дулаарал хурдацтай явагдах тусам хэт халалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж байна гэж анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтэлсэн судалгаанд бичжээ.


Хэрэв манай гараг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 2 хэмээр дулаарвал энэ зууны дунд үе гэхэд хэт халсны улмаас нас барах хүний тоо 370 хувиар буюу 4.7 дахин өснө гэж олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн баг урьдчилан тооцоолжээ. 


Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар, 2022 онд буюу ойролцоогоор 1.1 хэмээр дулаарсан үед хүмүүс 86 орчим хоногийг эрүүл мэндэд аюултай өндөр хэмд өнгөрүүлсэн байна. 65-аас дээш насныхны хувьд агаарын температурын өсөлтөд хамгийн их өртөмтгий байдаг бөгөөд сүүлийн 10 жилд хэт халууны улмаас нас барсан энэ насны хүмүүсийн тоог 1991-2000 оныхтой харьцуулахад 47 хувиар өсжээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг НҮБ-ын агентлагууд, бусад судалгааны хүрээлэнгүүдээс бүрдсэн 52 байгууллагын 100 гаруй шинжээчдийн хийсэн эдгээр дүгнэлт нь хэт халснаас үүдэн хүний эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөллийн талаарх болгоомжлолыг улам гүнзгийрүүлж байна.


Энэ оны эхээр хийсэн судалгаагаар 2022 оны зун Европт хэт халах үеэр 61 мянга орчим хүн нас барах магадлалтай байсныг тогтоожээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий дахин идэвхтэй арга хэмжээ авахгүй байгаа талаар доктор Марина Романелло хэлэхдээ, бид үүнийхээ төлөөсийг амь насаараа төлж байна хэмээн анхааруулсан байна.


Дэлхий нийтийн эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг найм дахь удаагийн тайланд мөн хэт халалтын нөлөөгөөр 2022 онд ажлын 490 тэрбум цагийг алдсаныг тогтоожээ. Энэ нь 1991-2000 оныхтой харьцуулахад 42 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.


Түүнчлэн цаашид улам халах нь энэ зууны дунд үе гэхэд 525 сая хүнийг хүнсний хомсдолд ороход хүргэж болзошгүй гэдгийг тайланд дурдсан байна. Энэ сарын сүүлээр Дубайд болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаар /COP28/ эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөлөлтэй холбоотой зарим асуудалд анх удаа анхаарал хандуулах юм. Эрүүл мэндийн байгууллагын 46 сая орчим ажилтны зүгээс COP28-ыг даргалагчид хандан олборлодог түлшнээс татгалзахыг уриалаад байна.

Холбоотой мэдээ