БАЯН-ӨЛГИЙ: Хураан авсан төмсний хэмжээ өнгөрсөн оныхоос 43 хувиар бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-17 15:28:40

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тариаланчид өнгөрсөн хавар нийтдээ 256.2 га-д төмс, 156.4 га-д хүнсний ногоо, 96.3 га-д жимс, жимсгэнэ тариалж, төмсний хэрэгцээг 90-100 хувь, хүнсний ногооны 20-25, жимс, жимсгэнийн 1,5-2 хувийг тус тус дотооддоо хангахаар тооцоолсон.


Ургац хураалтын мэдээгээр энэ сарын 1-ний өдрийн байдлаар тариаланчид 2429.1 тонн төмс, 1555.6 тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төмс 43.2 хувиар, хүнсний ногоо 7.9 хувиар тус тус буурсан үзүүлэлт аж.


Ургацын хэмжээ буурахад зуны эхэн саруудад цаг агаар хэт халж бороо бага орсон, Ховд голын ус эргээсээ хальж үерлэснээс болж Баяннуур сумын зарим тариалангийн талбай усанд автсан, тариалангийн талбай хагалах техник хэрэгсэл дутмаг, газар тариалан эрхлэх тариаланчдын тоо цөөрч байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Холбоотой мэдээ