Хятадын импортын экспод Монгол Улс ноос, ноолуур, хүнсний шингэн бүтээгдэхүүн танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-11-07 17:13:55

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шанхай хотноо "Хятадын Олон улсын импортын экспо-2023" нээгдлээ.


Тус улсын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж буй олон улсын уг экспод Монгол Улсын ААН-үүд оролцож, уул уурхайн бус экспортын бараа болох ноос ноолуур, хүнс, шингэн хүнсний бүтээгдэхүүн дэлгэн танилцуулж байна.


"Хятадын Олон улсын импортын экспо-2023"Монгол Улсыг төлөөлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар зохион байгуулагчаар  ажиллаж, 136 ам дөрвөлжин метр талбайд ноос ноолуур болон хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилж байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, ЖДҮ-ийн газрын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар оролцлоо.


Тус үзэсгэлэнд 128 улс орны хүнс, ХАА, ухаалаг тоног төхөөрөмж, шинэ дэвшилтэт техник технологи, автомашин, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон эрүүл мэнд, аялал жуулчлал, соёл, боловсрол, тээвэр логистик зэрэг салбарын 3400 гаруй компани үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.


Улс орнуудын олон улсын худалдааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжийг хуваалцах, Хятадын зах зээлд экспортоо нэмэгдүүлэх боломжийг олгодог Хятадын Олон улсын импортын экспо нь 11 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Тус экспо нь 6 дах удаагаа болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд 2 дахь удаагаа оролцож байна. 




Холбоотой мэдээ