ДАРХАН-УУЛ: Гэр, оронгүй иргэдийг нийгэмшүүлэх, дулаан байраар хангах ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-06 17:58:37

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, ХХҮГ, Цагдаагийн газар хамтран жил бүр гэр, оронгүй тэнэмэл иргэдийг /ГОТИ/ дулаан байраар хангах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулдаг. Сүүлийн арав орчим жил хэрэгжүүлж буй энэхүү ажил жил бүр үр дүнгээ өгч байна. 




Дээрх ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл хэрэгжүүлэх аж. Ингэхдээ “МС Тереза эх” сүмд байрлуулж нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.


Энэхүү ажил нь нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.8-д заасан “Гэр, оронгүй тэнэмэл иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх” олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх зорилгын дор зохион байгуулдаг гэж ХХҮГ-ын дарга С.Энхболд мэдэгдсэн юм.




Дулааны худаг, орон сууцны орцонд хоноглодог гэр, оронгүй тэнэмэл 25 иргэн хамрагдаж байна. Эдгээр иргэдийн мэдээллийг Цагдаагийн газартай хамтран цуглуулж, бүртгэл хийж нөхцөл байдлын үнэлгээ хийж байгаа аж.


Цаашид эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургалт зөвлөгөө өгөх, архины эмчилгээнд хамруулах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажээ.

Холбоотой мэдээ