Д.Оюунбадам: Төсвийн үр дүнг ил тод хэлэлцсэнээр үр ашигтэй төслүүдийг баталж чадна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-11-06 13:40:48

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ирэх оны улсын төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Нээлттэй нийгэм форум (ННФ) төсвийн төсөлд дүн шинжилгээ хийснээ сэтгүүлчдэд танилцуулав. Энэ талаар ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Оюунбадамаас тодруулав.  


Тэрбээр, 2024 оны төсвийг орлого талаасаа хамгийн дээд буюу өндөр хэмжээгээр төсөөлсөн байна гэв. Ингэснээр тэр хэрээр зарлагаа өсгөжээ. Тиймээс орлогоо дунд болон хамгийн бага байх хувилбараар тооцоолоон, хамгийн боломжит бага юм уу дунд хувилбарыг сонгон зарлагаа төсөөлөх нь илүү зүгээр байсан болов уу гэсэн дүгнэлт гарч байгааг тодрууллаа. Ингэвэл бид төсвийн алдагдлыг тэлэхгүй байх, мөн явцад нь төсвөө тодотгодог, хөрөнгө оруулалтын төслүүд эхэлсэн байхад түр царцаах зэрэг зүйл гарахгүй гэв.


Зарлагын хувьд шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг аваад үзэхэд эхний санхүүжилтийг хэт бага төлөвлөсөн байдал ажиглагдаж байна. Бага төлөвлөснөөр буюу хөрөнгө оруулалтыг нэлээн их хэмжээгээр суулгаж өгөөгүйгээс дараа дараагийн жилүүдэд санхүүжилт хийгдэхгүй байх, төслүүд удаашрах, үр ашиг нь төдийлөн гарахгүй байх, жишээ нь, барилгын чанар муудах зэрэг эрсдэлтэй. Ингэснээр төсөв дээр үргүй зардал гарах магадлалтай байдаг гэдгийг хэлэв.


Дээрээс нь, Үндэсний аудитын газрын дүгнэлтээс харахад төслийнхөө зураг төсвийн шаардлагыг бүрэн хангаагүй буюу магадлалаар баталгаажуулаагүй, баталгаажих явцад байгаа төслүүд орсон байна. Уг нь яг зураг төсөвтөө бүрэн нийцсэн төслүүдийг төсөвт тусгаж баталж байж хугацаандаа хэрэгжих боломжтой юм гэв.


Ирэх оны төсөвт томоохон төслүүдийн эдийн засгийн үр ашгийг нарийн тооцолж, нийгэмд үзүүлэх үр нөлөөг сайн тусган ил тод болгох хэрэгтэй байна.


Энэ талын тооцоо, судалгааг ил болгож байж хэлэлцэх нь бид илүү үр ашигтэй төслүүдийг баталж чадна. Мөн төслүүдийн ач холбогдлоор нь эрэмблэх хэрэгтэй. Ингэснээр иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт хэлэлцэхэд дөхөмтэй, боломжтой байх юм гэж тэрбээр хэллээ. 


Хөрөнгө оруулалтыг авч үзвэл, зам, тээврийн салбарт хамгийн их төсөл хэрэгжихээр төсөөлсөн байна. Боловсрол, соёл, эрчим хүчний салбарт мөн мундахгүй их төсөл төлөвлөсөн. Эрчим хүчний салбарт шинэ, томоохон ДЦС барих байтал аймгуудад барих станцуудыг эс тооцвол төлөвлөсөн зардал нь ч хангалтгүй, өмнөх станцуудынхаа цахилгаан хангамжийг шинэчлэн сайжруулахад илүү чиглэсэн байна. Тиймээс эрчим хүчний төслүүд дээр нэмж хөрөнгө оруулалт тусгах хэрэгтэй байна хэмээн төсвийн талаар байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ