Бүгд НӨАТ төлөгч байх зарчмыг эхний ээлжинд тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-11-01 16:28:28

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нарт өнөөдөр НӨАТ, НДШ, банкны зээлийн өндөр хүү гэсэн гурван зүйл үйл ажиллагаанд нь дарамт болдог талаар бизнес эрхлэгч нар байр сууриа илэрхийллээ.


НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс үүдэн иргэдэд ирж буй үнийн дарамтыг бууруулахад дөхөм байх. Гэхдээ юуны өмнө НӨАТ суутган төлөгчийн тоог нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ талаар бизнес эрхлэгч нарын саналыг авч, байр суурийг нэгтгэн УИХ, Засгийн газар зэрэг холбогдох байгууллагад хүргүүлнэ гэдгийг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ.

Тэрбээр, НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох замаар далд эдийн засгийг ил болгоно гэж буй. Ил тод болгох үйл ажиллагааг дан ганц иргэдийн энэ хувийн буцаалтад найдах бус, гааль ба татварын газрын бүртгэл, бүрдүүлэлтийг сайжруулах замаар захиргааны аргаар хийх ёстой. Энэ бол зоосны хоёр тал. НӨАТ төлөхгүй байгаа асуудлын эхлэл бол гааль ба татварын бүртгэлийн системийн уялдаа холбооны сул байдал юм. Тэгэхээр энэ зайлшгүй зэрэг яригдах ёстой сэдэв гэв.


“Билэгт дөлгөөн” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Бадамханд:

-Гаалын албан татварын 5 хувийн хэмжээг 10 хувь болгож, харин ААН-үүдийн төлж буй НӨАТ-ын 10 хувийг нийтэд нь 5 болговол компаниудад дарамтгүй, бүгдэд бүрэн үйлчилнэ гэв.

“Титэм” ХХК-ийн төлөөлөгч Н.Чимэг, НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгохыг дэмжиж байна. НӨАТ-ыг анх татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлж, далд эдийн засгийг ил болгох зорилготой гэж байсан боловч өнөөдөр энэ татвар төр, засагт төсөв бүрдүүлдэг гол хэрэгсэл, бизнес эрхлэгч бидэнд дарамттай татвар боллоо. Тэгсэн хэр нь НӨАТ-аар цуглуулсан хөрөнгө, мөнгийг төр, засаг үр ашиггүй зарцуулж байна. НӨАТ төлдөггүй хэсэг, бүлэг байсаар байна. Татварын алба энэ дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэллээ.


“Гурван сор” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ч.Амаржаргал, татварын босго хэмжээ НӨАТ төлөлтөд эсрэгээр нөлөөлж буйг хэлж байлаа. Тодруулбал, ААН байгуулах болон НӨАТ төлөх босго хэмжээ нь татвар төлөхөд бүгдийг хамруулж чадахгүй байна. НӨАТ-ыг хөндөж байхын оронд харин бизнес эрхлэгч нарт дарамт болдог НДШ-ийн хувь хэмжээг бууруулах талаар бид саналаа өгмөөр байна гэсэн юм.

Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Т.Баярсайхан, өнөөдөр гол нь бүгд НӨАТ төлөгч байх ёстой гэсэн асуудлыг эхний ээлжинд тавья. Ингэж байж гэмээн эдийн засаг тунгалаг болно. Хууль нэг хэсэг бус нийтэд үйлчилдэг зорилготой байхыг бид шаардаж байна. Гадна, дотныхонд ялгаагүй. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч нар түүхий эд аваад боловсруулахад бүх татвар төлөгчөөр бүртгүүлж, зардлаа нэмээд татвараа бүрэн төлөөд явдаг атал гадны худалдаачид манай түүхий эдийг их хэмжээгээр аваад хил гарахад ямар ч татвар төлөхгүй байх жишээтэй. Тиймээс бизнесийн өрсөлдөөнөө нэг болгон дэмжье гэв.

Холбоотой мэдээ