К.Монегийн "шинэ зураг" 65 сая доллароор зарагдах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-31 15:36:39

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 31 /CNN/. Клод Монегийн урьд өмнө нь мэдэгдээгүй байсан зураг ирэх сарын эхээр Нью-Йоркт болох дуудлага худалдаагаар 65 гаруй сая долларын үнэ хүрэх төлөвтэй байна гэж Christie's дуудлага худалдааны ордон мэдээллээ.


“Le bassin aux nymphéas” буюу “Усан сараанын цөөрөм” гэдэг хоёр метрийн  өргөнтэй энэхүү зураг нь К.Монегийн алдарт “Усан сараана” цувралд багтдаг. Энэ зураг бол К.Монегийн амьдралын сүүлчийн үед буюу 1917-1919 оны үед хамаарах бүтээл юм.


Алдарт зураач насан туршдаа өнгө, гэрлийг судалсны эцэст "сараана цэцгийн дэлбээлэх агшин, тухайн орчны усны гүн, гэрлийн тусгалаар байгалийн түр зуурын эрч хүч, гоо үзэсгэлэнг энэхүү зурагт харуулж чадсан" гэж Кристигийн мэдэгдэлд дурджээ.


Кристигийн 20, 21-р зууны урлагийн бүтээлүүдийг хариуцсан дэд дарга Макс Картер хэлэхдээ, өнөөг хүртэл энэ зураг нэг гэр бүлийн цуглуулгад 50 гаруй жилийн турш "маш сайн хадгалагдан нуугдаж байсан" бөгөөд урьд өмнө нь үзэсгэлэн ба дуудлага худалдаагаар хэзээ ч олны хүртээл болж байгаагүй тул шинээр толилуулж буй алдарт бүтээл мөн" гэлээ.


Энэ зургийг 11 дүгээр сарын 9-нд Christie's ордонд дуудлагаар худалдана.


Импрессионизмын эцэг гэгдэх К.Моне урлагийн ертөнцөд ихээхэн нөлөөлж, Винсент ван Гог зэрэг өөрийн үеийнхэн болон Жексон Поллок зэрэг дараа үеийн абстракт экспрессионист зураачдад хүчтэй нөлөөлсөн юм. Одоо түүний зургууд импрессионизмын бэлгэдэл болж, дэлхийн хэмжээнд хамгийн алдартай урлагийн бүтээлүүдийн нэг болоод байна.

 


Холбоотой мэдээ