ХӨВСГӨЛ: Мөргөлийн дуган байгуулахаар 21 Дарь эхийг урлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-18 12:19:27

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн О.Мягмар иргэд хүссэн үедээ ирж залбирч, мөргөх боломжтой  Мөргөлийн дуган байгуулахаар 21 Дарь эхийг урлаж байна.


Тэрбээр коронавируст цар тахлын үе 2019 оноос эхлэн урлаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 20 дахь Дарь эхийг бүтээж байна.



О.Мягмар “Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Өвдөж зовсон, сэтгэл санаа тогтворгүй үед өөрийгөө сонсож, ярилцах төдийгүй ариун дагшин газарт мөргөл үйлдэх нь чухал юм байна гэдгийг цар тахлын үед ойлгосон. Иймээс Мөргөлийн дуган байгуулахаар зорьсон.


Өндөр гэгээн Занабазар 21 Дарь эхийг бүтээхдээ бурхан урлалын дэг жаягийг бүсгүй хүний биеийн онцлогтой чадварлаг хослуулж, жинхэнэ монгол эмэгтэйн гоо сайхны сонгодог дүрийг бүтээсэн хэмээдэг. Миний хувьд мэргэжлийн сургуулийг төгсөөгүй ч маш их судалсан.


Мөн өвөг эцэг маань номтой хүн байсан учраас өвлөгдөж ирсэн бурхны тэг, ном судруудыг ашиглан жаяг ёсны дагуу бүтээж байна. Ирэх онд Мөргөлийн дуганаа нээх зорилготой байна” гэлээ. 



О.Мягмар нь үе дамжсан урлаач удамтай бөгөөд түүний өвөө нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, нэрт зохион бүтээгч Д.Пүрэвдаш юм.


Д.Пүрэвдаш нь машин техник, фанерын үйлдвэрийн суурь машин, гэрийн мод үйлдвэрлэх машин зэрэг нийт 40 шахам жижиг аппарат, хэрэгсэл, 20 гаруй суурь машин зохион бүтээж байжээ. 



 

 

 

Холбоотой мэдээ