ТӨВ: Зуунмод сумын залуучуудын анхдугаар “Спортын бага наадам” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-18 09:19:27

Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын залуучуудын дунд анхдугаар “Спортын бага наадам”-ыг энэ сарын 21-22-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулна. 


Энэхүү тэмцээнд Зуунмод сумын харьяат 16-39 насны иргэд, байгууллагын Залуучуудын хөгжлийн зөвлөл, багийн Залуучуудын хөгжлийн зөвлөл оролцох бөгөөд нийт 6 төрлөөр болно.


Тэмцээний талаар зохион байгуулагч Зуунмод сумын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Ц.Ууганбаатараас тодруулбал, 3Х3 сагсан бөмбөг, волейбол, дартс, шатар, ширээний теннис, гранд гольфийн төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү наадмыг залуучуудын эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой.  


Анх удаа залуусын дунд Спортын бага наадам зохион байгуулж байгаагаараа онцлог. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 10 дугаар сарын 20-ны өдрийн 16.00 цагт Зуунмод сумын ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

 

Холбоотой мэдээ