Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх МОНЦАМЭ агентлагт зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо.
МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзаж, агентлагийн үйл ажиллагаа, цаашдын зорилго зорилтыг танилцуулан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Элчин сайд М.П.Сингх, манай хоёр орон газрын тос, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг олон салбарт хамтран ажилладаг. Нэн ялангуяа худалдаа, аялал жуулчлал, технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх томоохон санаачилгуудыг хэрэгжүүлэхэд илүүтэй анхаарч ажиллаж байна гэдгээ илэрхийллээ. Монгол Улсад хэрэгжүүлж буй хамгийн том төсөл нь Энэтхэг улсын хөрөнгө оруулалттай газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл юм. Элчин сайд газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар болон удахгүй баригдах 1200 хүүхэд сурах хүчин чадалтай Энэтхэг-Монголын ерөнхий боловсролын сургуулийн талаар онцлон дурдаж, энэхүү төслүүдэд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа дуулгалаа.
Уулзалтын үеэр МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос сэтгүүлчдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ. Мөн хэвлэл мэдээллийн салбарт сүүлийн үеийн технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг ашиглахад Энэтхэгийн туршлагаас суралцах, Энэтхэгийн холбогдох байгууллагуудтай хамтарч контент бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингх энэхүү асуудлыг дэмжиж ажиллахаа мэдэгдээд, Энэтхэгийн талаас англи хэлний болон технологийн сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах чиглэлд онцгой анхаарч байгаа гэв.














