СЭЛЭНГЭ: 30 цэгийн 102 камер ажиллагаатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-12 11:14:04

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга, сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд оролцсон ажлын багийн өргөтгөсөн хуралдааныг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулсан байна.

 

Дээрх хуралдааны үеэр Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл /ГХЗУССЗ/-өөс шийдвэрлэсэн Сум дундын цагдаагийн хэлтэст байрлалтай камерын нэгдсэн системтэй газар дээр нь очиж танилцсан байна.

 

Мандал сумын хэмжээнд нийт 40 цэгт 145 камер байршуулсан байгаа бөгөөд одоогоор 30 цэгийн 102 камер ажиллагаатай байгаа аж.

 

Иймээс сумын Засаг дарга А.Дашзэвэг, сумын ГХЗУССЗ-ийн дарга Н.Эрдэнэцэцэг нарын зүгээс ажиллагаагүй байгаа 43 камерыг нэн яаралтай ажилд оруулах, серверийн ажиллагааг доголдолгүй болгох үүрэг чиглэлийг тус ажлын гүйцэтгэгч сумын "Тэнгисийн энерги " ХХК-ийн захирал Н.Хүрэлцоожид үүрэг болгожээ.

 

Мөн сумын хэмжээнд 2574 ш гэрэлтүүлэг байгаагаас 293 гэрэл ажиллагаагүй байгааг шинэчлэн ашиглалтад оруулахаар төсвийн тодотголоор 30 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн ирэх 2024 онд сумын хэмжээнд 1200 ш гэрэлтүүлгийг нэмж суурилуулахаар төлөвлөжээ.

 

Цаашид сумын хөдөлгөөн ихтэй хэсгээр замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах чиглэлээр 10 сая төгрөгийг аймгийн замын сангийн хөрөнгөөр шийдвэрлүүлэн 35 босоо тэмдэг тэмдэглэгээг байршуулахаар төлөвлөөд байгаа аж.

 

Ерөнхий боловсролын 3 болон 5 дугаар сургуулийн урд талын замыг ид ачааллын цагаар 1 урсгалаар хөдөлгөөний зохицуулалт хийх, зориулалтын бус хурд сааруулагчийг авах, хөршийн холбоог сайжруулах, ахуйн орчны архидалтын мэдээллийг авах, эрсдэлтэй хэсгийн судалгааг баг тус бүрээр авч камержуулалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг нэн түрүүнд хийж хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Мөн нийтэд үйлчилдэг такси үйлчилгээг бүртгэлжүүлэн албажуулах асуудлыг ч хэлэлцжээ.

 

Холбоотой мэдээ