СЭЛЭНГЭ: Тогоочид махгүй хоол хийж, ур чадвараа сорьжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-10 13:46:00

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Ургацын далай” тогоочдын ур чадварын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Партизаны талбайд зохион байгуулжээ.

 

Тогоочдын ур чадварын уралдаан нь “Алсыг хар-Органикийг сонго” урианы дор болж, мах орохгүй дан ногоогоор хоол хийж тогоочид ур чадвараа сорьсон нь онцлог байв.

 

Уг тэмцээнд 6 сумын 14 тогооч ур чадвараа уралдуулж төмс, хүнсний ногоо ашиглан 1 үндсэн хоол, 1 зууш  /салат/ хийж өрсөлдсөн байна.

 

Ингээд Шаамар сумын тогооч Б.Батбаатар шалгарч цом, мөнгөн шагнал хүртэж, Түшиг сумын 1-р цэцэрлэгийн тогооч Б.Энхжин дэд байрт шалгарчээ.

 

Аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан дээрх уралдаан нь орон нутгийн тариаланчдын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчлах.

 

Мөн эрүүл зохистой хооллолтыг дэмжих, аймгийн орон нутгийн онцлогтой хоол, идээ ундааг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээний байгууллагуудын тогоочдын ур чадварыг нэмэгдүүлэхэд гол зорилгоо чиглүүлсэн байна.

 

“Ургацын далай” тогоочдын ур чадварын тэмцээний шүүгчээр Тогоочдын холбооны гишүүн, Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүнс судлалын ухааны магистр, тэргүүлэгч зэрэгтэй тогооч, мэргэжлийн багш Л.Баттуяа, Тогоочдын холбооны гишүүн ахлах тогооч Б.Энхцэцэг, Боловсрол шинжлэх ухааны газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн М.Алтаргана нар ажиллажээ.