Ирэх оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг байхаар тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-04 10:49:51

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас мэдээлснээр ирэх оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг байхаар тооцжээ.


Зарлагыг 27.2 их наяд төгрөг байхаар төсөөлж, 2024 оны төсөв ДНБ-ий 36.7 хувьтай тэнцэж байхаар гаргажээ. Макро эдийн засгийн үзүүлэлтээр ДНБ-ийг 74 их наяд төгрөгт хүрнэ хэмээн тооцоолсон байна. Үүнээс:

  • Экспортын нийт орлого 15.3 тэрбум ам.доллар,
  • Импорт 10 тэрбум ам.доллар байх нь.

Биет хэмжээгээр экспортын гол орлого зэсийг 1.5 сая тонныг тонн тутамд 9 мянган ам.доллароор, 60 сая тонн нүүрсийг тонн тутамд 140 ам.доллароор гаргахаар төсөвлөөд байна. Төсвийн орлого:

  • 2022 онд 15.5 их наяд төгрөгөөр баталж гүйцэтгэлээр 17.1 их наяд төгрөг байв.
  • 2023 онд 20.8 их наяд төгрөгөөр баталж байв.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх онцлох төслүүдийг дурдвал, 10 аймагт барьж буй ДЦС-ыг дуусгах, аймгуудын төв болон хилийн боомтуудыг цагираг хэлбэрээр авто замаар холбож нэвтрэн өнгөрөх чадварыг дээшлүүлэх юм. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэх хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрийг хадгалах, экспортыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтууд юм гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байна.


Эрүүл мэндийн салбарт 140 тэрбум төгрөгөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, 15.6 тэрбум төгрөгөөр Зүрх судасны Үндэсний төв, Халдвартын Үндэсний төв-2 зэрэг эмнэлгүүдийг барьж дэд бүтцийг шийднэ гэсэн байна. 

Холбоотой мэдээ