ТӨВ: Б.Бямбасүрэн: Зүү ороож оёно гэдэг их тайвшралыг өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-02 09:18:24

Зуунмод, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Соёлын биет өвийг тээж, улам сайжруулж, чанаржуулж, орчин үеийн өнгө төрхтэйгөөр даалин урладаг Б.Бямбасүрэнтэй ярилцлаа. 



-Өөрийнхөө тухай товч танилцуулна уу?

-Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн Болормаа овогтой Бямбасүрэн байна. ХААИС-ийг Газар зохион байгуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн. Төв аймгийн Зуунмод суманд ажлынхаа гарааг эхлүүлэн ам бүл гурвуулаа амьдарч байна.Төв аймгийн Хурдан цэгийн үйлчилгээнд мэргэжилтнээр ажилладаг. 


-Хэдэн оноос эхлэн даалин урлах болсон бэ? Удамд тань уран гарт үйлчин байдаг уу?

-2020 оны 3 дугаар сараас эхлэн даалин оёх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн даалингийн бэлдэц хийдэг нэг эгчтэй холбогдож, бэлдцэн дээрээ хээ зуруулж авсан. Урьд нь зүү утас огт барьж байгаагүй даалингаа эхлэх гэтэл гар эвэлж өгөхгүй youtube-ээс бичлэг үзэн анхныхаа даалинг дуусгаж байлаа. Миний ээжийн ээж мундаг хүн байсан тэр хүний удамд уран гартай хүмүүс зөндөө байдаг юм билээ сүүлд л мэдсэн. Хүмүүсийн оёсон бүтээлүүдийг харж урам зориг аван цаашид урлах бүтээлээ бодон гоё чамин ,жигд оёхыг боддог байлаа. Хүн аливаа хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингээж түүнээсээ аз жаргалыг мэдрэх хамгийн сайхан.


-Материалаа яаж сонгодог вэ?

-Зүү ороох оёдол нь маш нарийн байдаг учир даалингийн бэлдцээ чанартай материалыг сонгож үйлчлүүлэгчдээ санал тавьдаг. Жишээ нь торго,пүүсүү хээтэй, хээгүй гэх мэт маш олон янз байдаг.


-Таны хувьд маш богино хугацаанд болон их хугацаа шаардаж урлаж байсан ямар даалин байдаг вэ? Хэдий хэр хугацааг зарцуулж байсан бэ?

-Мэдээж анхны даалин маань хамгийн их цаг хугацааг зарцуулж байлаа. Хамгийн богино хугацаа гэвэл яг л нэг сар урладаг.


-Хамгийн сонирхолтой, маш гоёмсог санагдаж сэтгэлд тань үлдсэн ямар даалин байдаг вэ?

-Анхны оёсон даалин маань алдаа оноотой зүйл зөндөө гарч байсан ч маш их хайртай бүтээл минь. Цаашид түүнээсээ туршлага өвөртлөн, шинээр гарч байгаа бүтээлүүд дээрээ маш нарийн хандаж байгаа. Ер нь захиалга авч эхэлснээс хойших бүх бүтээлүүд миний сэтгэлд тод үлдсэн байдаг.


-Даалингийн борлуулалт ямар байдаг вэ? Захиалга их орж ирдэг үү?

-Хөөргийн даалин бол Монголын ард түмний гар урлалын дуусашгүй өв сангийн нэгээхэн хэсэг билээ. Дөрөв дэх даалингаа урлаж дуусгаад захиалга авч эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй захиалгын даалин оёж байна. Одоогийн байдлаар 20 гаруй бүтээл урласан байна.


-Үзэсгэлэн худалдаанд оролцдог уу?

-Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэл эрэлзэл хамгийн их байгаа.


-Даалин урлал сэтгэлзүй болон биемахбодид тань нөлөөлдөг үү?

-Даалин урлаж буй хүн бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг. Мөн хатгамал хийх явцдаа асар их төлөв түвшин болдог. Ер нь зүү ороож оёно гэдэг өөрөө их тайвшралыг өгдөг, улам л дурлуулдаг зүйл шүү дээ. Монголчууд бид ийм хосгүй үнэт өвийг тээж, өвлүүлж яваа гэж бодохоор улам л дурладаг. Тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг гэж боддог.

 

-Даалинтай холбоотой бусдад хэлэхийг хүсдэг үг бий юу?

-Энэ л өв соёлыг тээн, бусдад түгээн дэлгэрүүлж, олон бүсгүйчүүдийг хөөргийн даалин урлах тэр л хүслийг нь бадрааж яваа нэгэн бүсгүй байна. Аливаа юмыг чин сэтгэлээсээ хийж бүтээсэн цагт бүх зүйл сайхан болно гэж хэлэхийг хүсэж байна. 


Холбоотой мэдээ