ӨМНӨГОВЬ: Сумдын боловсрол, эрүүл мэндийн салбаруудад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-20 15:49:37

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын баг есдүгээр сарын 18-19-ний өдөр Цогтцэций, Манлай сумын эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцан шаардлагатай тоног төхөөрөмжийг гаруудан өглөө.

 

Тус ажлын баг "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн 17 байгууллагад 37 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.  

 


Тодруулбал, сумын эрүүл мэндийн төвүүдийг дээрх тоног төхөөрөмжөөр хангахад иргэд сум орон нутагтаа цусны шинжилгээ, цусан дахь Д витамин, бамбайн дааврын үйл ажиллагааны шинжилгээ, үе мөч, элэг, шулуун гэдэс, түрүү булчирхайн хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчнийг цаг алдалгүй тодорхойлуулж оношлогоог хийлгэх боломж бүрдэж байгаараа онцлогтой.

 

Эхний ээлжид Цогтцэций, Ханбогд, Манлай сумын Эрүүл мэндийн төвүүдэд иммунологийн аппаратыг урвалжуудын хамт ийнхүү хүлээлгэн өгсөн бөгөөд өндөр үзүүлэлттэй зөөврийн компьютероор мэргэжилтнүүдийг хангажээ.


 

Тойргийн таван сумыг хариуцсан Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв нь одоогийн байдлаар 50 гаруй албан хаагчтай ажиллаж байгаа бөгөөд техник, хэрэгслээр бүрэн хангагдаж, жилд дунджаар 20 мянга гаруй хүн амд амбулаторийн үзлэг оношилгоог хийж, жилд 120-130 жирэмсэн эхийг эсэн мэнд амаржуулж байна.   

 


Харин Өмнөговь аймгийн төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цогтцэций сумын цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгчээ. Ингэснээр тус цэцэрлэгийн хамран сургах тойргийн 2-5 насны 194 хүүхэд 100 хувь сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байгаа бол "Чадварлаг багш" хөтөлбөрийн хүрээнд Манлай сумын 15-р цэцэрлэгийн 6 бүлгийн багшид өндөр үзүүлэлттэй зөөврийн компьютероор хангасан нь сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн үр дүнтэй ажлууд боллоо. 

Холбоотой мэдээ