БАЯН-ӨЛГИЙ: Энэ жил мөсөн голуудын хайлалт бага байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-15 17:00:43

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв Алтай Таван богд ууланд мөстлөгийн ээлжит судалгаагаа хийж дуусгалаа.


Судалгааны ажлыг өнгөрсөн 6 дугаар сарын 10-ны өдөр эхэлж, энэ сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна. Энэ хугацаанд өндөр уулын уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа болон мөстөл, мөсөн голуудын хайлалт, огшилт, хуримтлалын ажиглалт, Потанин, Александрын мөсөн голуудаас эх авч урсаж буй Цагаан голын ус зүйн ажиглалтуудыг хийжээ.


Тус төвийн Мөстөл судлалын салбарын инженер Б.Сержумагийн өгсөн мэдээллээр Алтай Таван Богд уул орчимд энэ жил өвөл цас их орж, агаарын температур өмнөх жилүүдээс сэрүүхэн байсан тул мөсөн голуудын хайлалт харьцангуй бага байсан аж. Тодруулж хэлбэл, мөсөн голын доод хэсэгт 372 см, дээд хэсэгтээ 189 см хайлсан байна.


Алтай Таван богд уулын Потанины мөсөн голын мөсний зузаан, хайлалт, массын тэнцэл, хуримтлал, гулсалтын судалгааг анх 2003 оноос, тус голоос эх авсан голуудын горимын судалгааг 2006 оноос, өндөр уулын уур амьсгалын судалгааг 2007 оноос хийж эхэлсэн.


Судлаачдын тайлбарласнаар сүүлийн 45  жилийн хугацаанд Потанины мөсөн голын 2.9 км2 талбай бүхий мөс хайлж, голын үзүүр хэсгээс нь  618 м мөс хайлж богиносоод байгаа ажээ.

Холбоотой мэдээ