БАЯН-ӨЛГИЙ: Тарвага агнахад ашигласан 10 галт зэвсгийг улсын орлого болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-08 12:51:15

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 453 дугаар захирамжаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх аяныг өнгөрсөн сарын 16-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаагаар өрнүүлж байна.


Аяны хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хамтран Өлгий хот руу орж, гарах замуудад байнгын 1, хөдөлгөөнт 3 хяналт шалгалтын цэгийг 24 цагаар ажиллуулж байна. Мөн сумд ч тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, тарваганы мах, эд эрхтэн, түүхийн эдийн худалдаа, хэрэглээ, тээвэрлэлтийг таслан зогсоох хөдөлгөөнт болон байнгын эргүүл ажиллуулж байгаа.


Эргүүлийн явцад тус аймгийн Дэлүүн, Толбо, Ногооннуур сум, Цагааннуур тосгоны нутаг дэвсгэрээс хууль бусаар тарвага агнасан 88 зөрчил, тээвэрлэсэн 6 зөрчлийг тус тус илрүүлж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Уг зөрчилд 11 хүн холбогдоод байгаа ба тарвага агнахад ашигласан 10 галт зэвсгийг хураан авч улсын орлого болгожээ.  


Ташрамд, Амьтны тухай хуульд зааснаар хууль бусаар тарвага агнасан тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээг нь хоёр дахин өсгөж нөхөн төлүүлж, ашигласан эд зүйл, орлогыг хурааж улсын хөрөнгө болгох ажээ.

Холбоотой мэдээ