БАЯН-ӨЛГИЙ: Багшийн сургуулийн дэргэд гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-04 12:40:51

Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнгөрсөн сарын 23-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталсан.


Тус тогтоолын дагуу МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургуулийн дэргэд ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Ингэснээр улс орны хөгжилд нэн шаардлагатай инженер техник, багш болон бусад байгалийн ухааны өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг орон нутагт бэлтгэх суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.


"Ахлах сургууль нь Багшийн сургуулийг түшиглэн үйл ажиллагаа явуулах ба математик, хими, физик зэрэг байгалийн ухааны хичээлүүдийг гүнзгийрүүлэн агуулгаар заана. Мөн эдгээр хичээлүүдээс гадна монгол, англи хэлний хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлуулах бодолтой байгаа. Суралцагчид тодорхой хэмжээний төлбөр төлнө. Манай аймагт хүлээн зөвшөөрөгдсөн өндөр мэдлэгтэй, туршлагатай багш нарыг урьж ажиллуулах бодолтой байгаа" гэдгийг Багшийн сургуулийн захирал, доктор Ж.Хиналган хэлэв.


Ахлах сургууль байгуулах бэлтгэл ажилтай холбоотой бусад асуудлууд салбарын яам, МУБИС-ийн удирдлагаас чиглэл ирсний дараа илүү тодорхой болно гэдгийг тэрбээр онцоллоо.

Холбоотой мэдээ