Дүрвэгч хүүхдүүдийн 60 гаруй хувь нь сурч чадахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-09-16 11:05:47

ЖЕНЕВ. /ВВС/. НҮБ-ын ивээлд багтсан 3.7 сая орчим дүрвэгч хүүхэд сургуульд суралцаж чадахгүй байна гэж НҮБ-ын агентлаг мэдэгдлээ.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхэлсэн Дээд комиссарын газар /UNHCR/ пүрэв гарагт дүрвэгчдийн боловсролын байдлын талаарх тайланг гаргажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей ирэх долоо хоногт дүрвэгчид болон цагаачдын асуудлаарх Дээд хэмжээний уулзалт зохион байгуулахын өмнө уг тайланг танилцуулсан байна.

Тус газрын мэдэгдсэнээр, 5-17 насны зургаан сая орчим дүрвэгч хүүхэд байгаагийн 60 гаруй хувь нь сургуульд сурах боломжгүй байгаа ажээ.

Мөн дүрвэгч хүүхдүүдийн ердөө нэг хувь нь л анхан шатны боловсрол эзэмшжээ. Энэ нь дэлхийн дундаж болох 91 гаруй хувьтай харьцуулахын аргагүй доогуур үзүүлэлт юм.

Зэвсэгт мөргөлдөөний улмаас улс орноосоо дүрвэн хөрш Ливанд толгой хоргодож буй сири хүүхдүүдийг уг тайланд жишээ болгожээ. Ливанд байгаа сиричүүдийн зарим нь хичээлийн хэрэглэл зэргийг худалдаж авах мөнгөгүйн улмаас хүүхдүүдээ сургуульд явуулж чадахгүй байгаа аж. Мөн Ливанд хичээлийг зөвхөн араб төдийгүй франц болон англи хэлээр заадаг учир дүрвэгч хүүхдүүдэд хэлний бэрхшээл тулгарч байгааг дээрх тайланд дурдсан байна. Сирийн сургуулиудад зөвхөн араб хэлээр хичээл заадаг гэнэ.

Эх орноосоо хэр удаан хугацаанд хол амьдрах нь тодорхойгүй байгаа дүрвэгч хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхийн тулд илүү хүчин чармайлт гаргахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан UNHCR уриаллаа.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ