Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын суурь хучилтыг ирэх сарын эхнээс эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-08-28 21:02:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын бүс Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд нийт 37.9 км хатуу хучилттай авто зам тавьж эхлээд байна.


Наймдугаар сарын 25-ны байдлаар нийт замын газар шорооны ажил 95 хувийн гүйцэтгэлтэй, буталсан чулуун суурь хучилтын ажлыг 9 дүгээр сарын эхнээс хийж эхлэх гэж буйг замын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Бээжин юни констракшн групп”-ээс мэдээлж байна.


Энэ нь БОАЖЯ АХБ-наас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт юм. Тодруулбал, БОАЖЯ-ны захиалгаар, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ажлын нэг. Төлөвлөснөөр ирэх оны 8 дугаар сард бүрэн ашиглалтад өгөх уг авто замын төсөл нь:

  • Хатгал тосгон-Жанхайн даваа хүртэл 30.4 км,
  • Хатгал-Хүзүүвчийн шил хүртэл 5.5 км,
  • Хатгал тосгоноос Нисэх буудал хүртэл 2 км,
  • 7 авто зогсоол гэсэн 4 хэсгээс бүрдэж байна.

Анх 2021 оны 12 дугаар сард БНХАУ-ын төрийн өмчит “Бээжин юни констракшн групп” компанитай ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулснаар авто замын ажлыг тухайн оны 4 дүгээр сард эхлүүлжээ. Зам барилгын ажил эхэлснээс хойш 24 сар үргэлжилж байна. Барилгын талбайд өнөөдрийн байдлаар 150 хүн ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн захирал Лиу Вэй хэллээ. Замын технологи-техникийн зөвлөх үйлчилгээ болон хяналтыг “Эс Ар Пи консултинг Монголиа” ХХК хариуцан ажиллаж байна.


Авто замын ажил өнгөрсөн хугацаанд 4-6 сараар удааширчээ. Үүнд ковидын цар тахлын нөхцөл байдал сөргөөр нөлөөлсөн байна. Учир нь Хатгал тосгон дахь замын буталсан чулууны, бутлуурын, бетон зуурмагийн болон асфальтын гэсэн үйлдвэрийн 4 хэсэгт ажиллаж угсралтын болон тохируулгын үйл ажиллагааг хийх БНХАУ-ын инженерүүд цар тахлын үед хязгаарлалтад орж, энэ нь замын ажилд нэлээн сорилт болсныг “Бээжин юни констракшн групп” компанийн захирал Лиу Вэй тодотгон хэлж байв.


Мөн энэ зам нь цэвдэгтэй, цаг уурын эрс тэс нөхцөл бүхий бүсэд оршдог тул цэвдгээс сэргийлэх гео-торлог, гео-нэхмэл материал ашиглан шинэ технологиор гүйцэтгэж буй учир дээрх тусгай түүхий эд болон полимер битумын нийлүүлэлт мөн л цар тахлын нөлөөгөөр дутагдаж ирснийг энэ оны дундаас хангаж эхлээд байна. Хатгал-Жанхайн чиглэлийн  37.9 км хатуу хучилттай авто замыг тавьснаар орчноос үүсэж буй цагаан тоос, тоосонцоргүй болж, аялагч жуулчид болон орон нутгийн иргэд тав тухтай зорчиж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.



“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь АХБ-ны 38.0 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газрын 0.4 сая ам.долларын санхүүжилтээр 2019-2024 онд хэрэгжиж байна. 


Мөн үерээс хамгаалах далан, мал, амьтдад зориулсан гарцыг олон улсын стандартын дагуу барихаар төлөвлөсөн нь байгаль орчныг хамгаалах нөхцөлийг бүрдүүлж буйг төслийн технологи-техникийн зөвлөх үйлчилгээг хариуцаж буй “Эс Ар Пи консултинг Монголиа” ХХК-ийн ерөнхий инженер, авто замын хяналтын багийн ахлагч П.Дэмүүлэн тодотголоо.

 

БОАЖЯ, АХБ-наас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын бүсээс гадна Хэнтий аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын бүс нутагт авто зам, авто зогсоол барих, хог хаягдлыг устгах ландфилын болон ус цэвэршүүлэх байгууламжийг тус бүр барьж байгуулж, бусад дэд бүтцийн төслийн ажлуудыг эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ