АРХАНГАЙ: Аймгийн 100 жилийн ой Булган уулын тахилгаар эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам эл өдрүүдэд тохиож байна. Ойн баяр наадмыг Булган уулын тахилгаар эхлүүллээ.
Булган уул нь Цэцэрлэг хотын хойморт залардаг, эртний тахилгат уул юм. Хэсэг хугацаанд тахилгын зан үйлийг хийгээгүй бөгөөд 2012 оноос хойш жил бүр тахиж ирсэн байна.
Энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт-хан Өндрийн нурууны дорнод хэсэгт Булган уул оршдог. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 метр, харьцангуй өндөр 280 метр юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан хоёр уулыг дунд Булган, хойд Булган гэж нэрлэдэг байна.
Энэ үеэр Архангай аймгийн Төгсбаясгалант буян дэлгэрүүлэх
хийдийн лам, оточ Б.Батхуягаас дараах асуултад хариулт авав.
-Булган уулыг хэзээнээс тахиж эхэлсэн бол?
-Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхий, уул усаа тахиж шүтэж ирсэн. Булган уулын тахилгыг Нирун улсын үеэс тахиж байсан гэсэн судалгаа байдаг. Түүнээс хойш монголчууд уул овооны тахилгын уламжлалыг таслалгүй авч явсаар 300 мянган жилийн өмнө бурхны шашинтай болсноор тахилгын зан үйлийг бурхны шашны ном уншлагад багтаан хадгалж авч үлдэн эдүгээ хүртэл тахиж ирсэн. Харин 2012 оноос Лувсанданзанпүлжинжигмэд гэгээн ахлан Булган уулын тахилгыг сэргээн тахих хэрэгтэй хэмээн Сангийн толгой /Сангийн толгой уул нь Урд Тамирын голын урд, Булган уулын эгц өөдөөс 5 орчим км зайд оршино/ дээрээс тахидаг болж уламжилж байна. Тахилгын уламжлалыг Заяын хүрээ Төгсбаясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам нар авч явдаг.
-Уул тахих зан үйлийн талаар тодруулна уу?
-Хэдийгээр Булган уулыг тахиж байгаа боловч мөн чанартаа Булган уул тэргүүтэй Хангайн нурууны Цогт, Баян Өндөр, Хаан Өндөр, Ноён Өндөр, Хатан Өндөр зэрэг уулыг бүгдийг нь эргэн тойронд байгаа тэнгэр лус савдаг газрын эзнийг урин залж авчран, тэдгээрийн таалах тахил өргөлийг өргөн, хүн зон, нутаг орон сайн сайхан байхын тухайтад гуйх айлтгалын сэтгэлийг илэрхийлэн бурхны шашны зан үйлийг үйлддэг.
-Уул тахих ёслол үйлдсэнээр ямар ач холбогдолтой вэ?
-Монголчууд сав шимийн уялдаа холбооны гүнзгий философитой ард түмэн. Байгаль дэлхийнхээ шимийг хүртэж амьдарч байгаа учир хайрлаж хамгаалах, хүндэтгэх үзэлтэй. Тухайлбал, мал гэхэд өвч ногоо, бэлчээр ус сайтай, зуд турхангүй онд мэнд байж монголчууд сайхан амьдарна. Тиймээс төрийн улсууд төрийн хэргээ, малчид мал хуйгаа даатгаж тус хэргээ бүтээхийн тухайтад өөрсдийн юу санасан хэргээ бүтээдэг. Булган уулын сахиус нь дөрвөн үйлийг бүтээх чадалтай. Өвчин зовлонг амирлуулах, буян хишиг, цог залийг дэлгэрүүлэх, эрх мэдлийг эрхшээх, муу зүйлийг хатуугаар гэсгээх чадалтай. Тиймээс айлтгалыг нь ном уншлагадаа багтааж явдаг гэв.
Булган уулыг тахих ёслолыг жил бүрийн зуны эхэн сард хийдэг бол энэ жилийн тухайд Архангай аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан зорьж ирсэн нутаг орны уугуул иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэн ийнхүү зуны адаг сарын шиний 8-ны бэлэгт сайн өдөр ёслолыг үйлдэж буй.
Булган уулыг тахих ёслолд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Б.Цэрэннадмид болон нутгийн зон олон ирсэн байлаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсад 877 тахилгатай уул байдаг аж.