Нутгийн хойд болон зүүн хэсгийн голууд үерлээд буйг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-07-25 09:48:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас мэдээлж буйгаар долоодугаар сарын 23-25-нд нутгийн хойд болон зүүн хэсгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, Хэнтийн нуруунаас эхтэй Хараа, Хэрлэн, Балж, Онон, Орхон, Зэгэстэй голуудын усны түвшин аюулгүйн түвшнээс 15-45 см давж үерлээд буйг анхааруулан сануулж байна.


Тодруулбал, Дархан-Уул аймгийн чиглэлд явж буй иргэд Хараа гол, Төв болон Хэнтий аймгийн Мөнгөнморьт, Багануур, Өндөрхаан сумын чиглэлэд Хэрлэн гол, мөн Хэнтий аймгийн Дадал сумын орчим Балж, Онон гол, Хангайн нуурын арын Орхон гол Өвөрхангай аймгийн Хархорин сумын орчим, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онги гол тус тус үерлээд буйг анхаарууллаа.


Тухайн голуудын сав газар дагуу нутаглан оршин сууж буй болон амралт, аялал жуулчлал, ажлаар яваа иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Тус газраас гаргасан ойрын өдрүүдийн цаг уурын мэдээллээр хур тунадас:

  • 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 30-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,
  • 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 
  • 8 дугаар сарын 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Холбоотой мэдээ