Сүүлийн жилүүдэд баруун аймгуудын тарваган тахлын голомт өндөр эрсдэлтэй байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
erdenebat@montsame.mn
2023-06-23 14:16:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-өөс хоёр жилд нэг удаа олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Нийслэлийн онцгой байдлын байранд өнөөдөр /2023-6-23/ тус хурал болж байна. Олон улсын хуралдаанд Монгол улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд 16 илтгэл тавьж хэлэлцүүлжээ.


ЗӨСҮТ-ийн нийгмийн эрүүл мэнд, тандалт шуурхай удирдлагын албаны тархвар судлаач Д. Отгонбаяр, Ховд аймагт 1993-2022 оны хооронд буюу 30 жилийн хугацаанд бүртгэгдсэн, тохиолдлуудын тархвар судлал, эмнэл зүйн онцлогийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Түүнээс зарим нэг зүйлийг тодрууллаа.


-Та илтгэлийнхээ онцлог товч танилцуулахгүй юу?

-Монгол улсад 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Байгалын голомт гэдэг нь тарвага бусад мэрэгч амьтдын хооронд тарваган тахлын үүсгэгч байгааг хэлдэг. Сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээр баруун аймгуудын голомт өндөр эрсдэлтэй гарч байна. Тарваган тахлаар жил бүр хүн өвчилсөн тохиолдлууд бүртгэгдлээ. Ховд аймагт 30 жилийн хугацаанд 32 хүн өвдөж, 13 нь нас барсан өндөр үзүүлэлт гарлаа.


-Тарваган тахлаар хүн нас барж байна. Энэ нь нуусан, ямар өвчин туссанаа мэдээгүй явдалтай холбоотой гараад байна уу?

-Судалгааны эхний 10 жилд өвчлөл өндөр байсан, түүнийг дагаад нас баралт өндөр байжээ. Хоёр дахь 10 жилд өвчлөл буурсан, гэтэл сүүлийн арван жилд өвчлөл өндөр гарлаа. Ховд аймагт тарваган тахлаар хүн өвдсөн, нас барсан тохиолдол 2020, 2022 онуудад бүртгэгдсэн. Тарваган тахал өвчин өөрөө маш өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд эмчлэхгүй бол үхэлд хүргэх аюултай гоц халдварт өвчин, тарвагатай харьцаж авч байгаа учир, түүнийг үнэн зөв мэдүүлж эрт эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад анхаарах ёстой.


-Хониноос тарваган тахал өвчин хүнд халдсан тухай яриа гарлаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай орны хувьд тарваганаас халдвар авч тарваган тахлаар хүн өвчилсөн байдаг. БНХАУ-д тарваган тахал өвчин хониноос хүнд халдсан тохиолдолд гарсан юм байна. Энэ бол онцгой, ховор тохиолдол учраас олон улсын хурал дээр хөндөгдсөн сэдэв.

Холбоотой мэдээ