Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх
хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ.
Энэ нь салбарын эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх хүрээнд хийж буй, шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэмэгдүүлж, албадлагын арга хэмжээний үр нөлөөг сайжруулах зорилготойг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа өнөөдөр болсон Шийдвэр гүйцэтгэгчдийн нэгдсэн зөвлөгөөн дээр онцлон тэмдэглэв.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчдийн эдийн засаг, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байгааг дуулгав. Хуулийн төсөлд тусгах эрх зүйн зохицуулалт, онцлогийг нийт шийдвэр гүйцэтгэгчдээр хэлэлцүүлэх аж. Мөн хамтран ажилладаг байгууллагууд, эрдэмтэн судлаач нарын судалгаа, сургалт, мэдээллийг сонсож, цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ гэв.
Тэрбээр
цаашид албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, төрөл, арга хэрэгслийг
боловсронгуй болгож, алба хаагчдын ачааллыг бууруулах, ажлын цагийг үр ашигтай
зарцуулах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг дараагийн шатанд
гаргах боломжийг эрэлхийлнэ гэв.
Гурван жил тутам зохион байгуулдаг зөвлөгөөнд улсын хэмжээнд иргэн, захиргааны
шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ажиллаж буй 300 орчим шийдвэр
гүйцэтгэгч оролцлоо.