"Алдар"-ын тамирчид 117 орноос 11 дүгээрт жагсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-06 12:49:04

Дэлхийн цэргийн олимп буюу CISM-ийн 6 дах удаагийн тоглолт 5 дахь өдрөө БНСУ-ын Мүнген хотод үргэлжилж байна.

Зэвсэгт хүчний "Алдар"-ын тамирчид уг тэмцээнд амжилттай оролцож буй мэдээллийг ирүүлсээр байна. Тухайлбал, өчигдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд А.Батсуурь мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний цаг үеийн дүнгээр манай "Алдар" спорт хороо хоёр мөнгөн медальтай дэлхийн 117 орноос 11 дүгээр байранд жагсч байна.

Өнгөрсөн бямба гаригт жүдо бөхийн тамирчид багийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Манай тамирчид байт харваа, бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуй гэсэн найман төрлөөр оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар жүдо бөхийн төрөлд хоёр мөнгөн медаль хүртээд байна.

Тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Дашрамд сонирхуулахад, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь Дэлхийн цэргийн спортын холбооны гишүүний хувьд тэмцээн уралдаан бусад арга хэмжээнд амжилттай оролцож дараах амжилтыг гаргаж байсан юм. Тухайлбал, 1995 онд чөлөөт бөхийн төрлөөр Гавъяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга хурандаа Г.Өсөхбаяр мөнгөн медаль, 1999  онд жүдо бөхийн төрлөөр хошууч П.Нямлхагва алтан медаль, 2012 онд буудлагын төрлөөр багийн төрөлд алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 онд боксын төрлөөр олон улсын хэмжээний мастер дэд ахлагч Б.Чинзориг алтан медаль, Гавьяат тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль, чөлөөт бөхийн тэмцээнээс Гавъяат тамирчин, ахмад Г.Мандахнаран, Гавъяат тамирчин ахлагч С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль, ОУХМ, ахлах ахлагч Д.Цогтбаатар, ОУХМ П.Орхон, спортын мастер Ц.Бямбазаяа нар  мөнгөн медаль, спортын мастер Б.Батмагнай хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа алтан медаль, эмэгтэй тамирчид 2 дугаар байрт шалгаран түүхэн амжилтын эзэд болж байжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд