Малчид малын тоог зохистой хэмжээнд байлгах бүлгийн зохион байгуулалтад орж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-06-21 13:44:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад “Монголын хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж, эрсдлийн менежментийг сайжруулах” (АДАПТ) төслийг Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж байна.


Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 2021-2028 он хүртэл хэрэгжих урт хугацаат дээрх төслийн хүрээнд уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн шалгуур хангасан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжиж, зах зээлтэй холбоход төр, хувийн хэвшлийн хүрээнд малчдын оролцоог нэмэгдүүлж бэхжүүлэхийг зорьж байна. 


Энэ талын малчдын бүлэг, нөхөрлөл, хоршооны төлөөллийг хамруулсан хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, уулзалт хэлэлцүүлэг “Блью Скай” зочид буудалд өнөөдөр боллоо.


Уг үйл ажиллагааны талаар Бодлого, судлалын төвийн бэлчээрийн менежментийн зөвлөх Б.Даваамөнхөөс тодруулбал, бид төр, хувийн хэвшлийн хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулахад малчдын оролцоог нэмэгдүүлж бэхжүүлэх төслийг 2025 оны 2 дугаар хүртэл хэрэгжүүлэх ажлаа өнөөдрийн үзэсгэлэн, уулзалт хэлэлцүүлгээр эхэлж байна гэв.


Төслийн хүрээнд Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд гэсэн зүүн болон баруун бүсийн 4 аймгийн 8 суманд туршин хэрэгжүүлэх МАА-н бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тогтвортой загвар үйл ажиллагааг оролцогчдод сурталчлан танилцуулж энэ чиглэлд төр, хувийн хэвшил, малчдын төлөөлөл хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Үүнд:

  • Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлэх. Энд сумын удирдлагаас дэмжлэг үзүүлэн урамшуулах эко системийн үйлчилгээний төлбөрийг тогтоож,
  • Малчдын бүлгүүд гэрээт бэлчээрийн түвшинд халдварт өвчингүй, эрүүл, тайван нутаг тогтоох үүрэг хүлээж бүтээгдэхүүний чанарыг хангах,
  • Хурга махлуулж өсвөр насны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг бүлэг, хоршоо, нөхөрлөл зэрэг малчдын байгууллага хэрэгжүүлэх,
  • Мал, мах, ноолуурыг нэг цэгт төвлөрүүлж, чанар, гарал үүслийг хянан баталгаа гаргах,
  • Хоршоо, ХАА-н биржээр дамжуулан хамтран ажиллаж, мал, махаа хувийн боловсруулах үйлдвэрт худалдан борлуулах зэрэг багтаж байна.



Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд төр, малчид, хувийн хэвшил хамтран ажиллана.


Төслийн талаар мөн Монгол махны холбооны гүйцэтгэх захирал Н.Батсууриас тодруулбал, бид мал маллагааны уламжлалт аргаа өөрчилж шинэ арга барилд хүрэх юм. Наад зах нь эхний ээлжинд нэг хотон дотор бүх нас, хүйсний, бог мал гэхэд хоёр төрлийн мал холилдож байдаг байдлаа өөрчилж, цэгцэлж төрөлжүүлж маллая.


Малчид мал малласнаар амьжиргаа залгуулж буй биш, хувийн өмчтэй, бизнес хийж буй гэдгээ хатуу ойлгож мэдэхээс хандлагыг өөрчилнө. Хуучин нэгдлийн малчин шиг бүх хувь заяагаа төрд даатгачихаад, төр, засаг биднийг харж үзэхгүй, дэмжиж туслахгүй байна гэдэг сэтгэлгээгээ өөрчилж ангижрах хэрэгтэй байна.


Өнөөдөр малчид хонио хотон дотроо хөгширтөл нь байлгаад зарсан нь дээр үү, эсвэл төллүүлээд, 6 сартай байхад нь худалдан борлуулж малаа эдийн засгийн эргэлтэнд оруулдаг систем рүү шилжих үү гэсэн сонголт дээр байна. Ингэхдээ, төллөх малаа авч үлдэн, тэр хэмжээгээр бэлчээрийг чөлөөлж, идэш тэжээл, арчилгаа маллагаагаа сайжруулах хэрэгтэй болж байна.


Малын ашиг шим, махны чанарыг сайжруулахын тулд эхлээд мал, мах бэлтгэлийн стандартыг гаргах шаардлага гадаад, дотоодын хэрэглээнээс үүдэн гарч ирээд байна. Стандартын шаардлага хангаж буй малчдын мал, махыг хэрэглэгч өндөр үнээр худалдан авах нь мэдээж. Ийм малчдад харин урамшуулал өгдөг байх хэрэгтэй. Зэрэгцээд малын махаа гадагшаа гаргаснаар малын тоо толгой зохистойгоор цөөрч, бэлчээрийн даацад тохируулна. Өөр арга байхгүй болж байна гэв. 

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ