ХОВД: Угсаатны хувцас урлах аргыг түгээн дэлгэрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-14 14:58:41

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт  "Угсаатны хувцас урлахуй” сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна.


Тус аймгийн хэмжээнд 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байгаа бөгөөд угсаатан бүр өөр өөрийн онцлог, өв соёлтой. Үүний дотор хувцас, гоёл чимэглэл нь угсаатны өвөрмөц хэв шинжийг агуулж, байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой илэрхийлдэг.


Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд угсаатны хувцсыг уламжлалт буюу натур хэв шинжийг нь алдагдуулахгүй урладаг оёдолчид цөөн бий. Сум бүрд 1-2 буюу ойролцоогоор  20 гаруй хүн л угсаатны хувцас урлаж байна.

Тэдний төлөөлөл болох 10 урлаач сургалтын үйл ажиллагаанд оролцож, малгай, дээл, цэгдэг, гутал урлаж ирсэн туршлагаа хуваалцаж, угсаатны хувцасны ялгаатай байдал, бэлгэдлийн талаар мэдээлэл танилцууллаа.


Булган сумын иргэн, Торгууд угсаатны хувцас урлаач Д.Мөнхзаяа: "Би 13 настай байхдаа анх оёдол сурч, 1992 оноос хойш цэгдэг, цагаан дээл, тооцог малгай зэргийг оёж байна. Сумын сургуулийн 80 жилийн ойн баярын үеэр 8 сэвгэр дээл, 8 эрэгтэй цагаан дээл өөрөө оёж өгч байлаа. Торгууд дээлний онцлог нь хар, цагаан хослуулж оёдог, энгэрээрээ дүүрэн эмжээртэй, ташаа оноо тэгш, дотор талын тэрлэг эмжээргүй, ханцуй уужим байдаг" хэмээн ярив. 


Мөнххайрхан сумын иргэн, Урианхай угсаатны хувцас урлаач Д.Отгонбаяр: "Би одоо 74 настай. 1998 онд хонины нэхийгээр цагаан дээл оёж эхэлсэн. Одоо урианхай угсаатны хувцас оёж байна. Анх хувцас урлахдаа нутгийн ахмад настан, танил хүмүүсээс асууж судалж, сонирхлоо хөгжүүлсэн нь энэ юм. Манай урианхай угсаатанд Мааг гутал байдаг. Энэ гутал өөр хаана ч байхгүй. Үүнийг монгол гутлын өв гэж ярьдаг" гэж хэллээ. 


Чандмань сумын иргэн,  Халх угсаатны хувцас урлаач Б.Оюунбадам: "Ээж минь намайг 5 дугаар ангийн сурагч байх үеэс оёдол эсгүүр хийх аргыг заасан. Угсаатан дээлийг 2 жилийн өмнөөс оёж байна. Халх угсаатан дээлийн онцлог нь гоёл чимэг, залгаас оёдол ихтэй. Мөр нь бөмбөгөр байдаг. Эрэгтэй савхин малгай шовгор оройтой, дээрээ сампин зангиддаг. Тэр нь тэнгэрийг бэлгэддэг бол суурь нь нарыг, гурвалжин орой нь сүмбэр уулыг бэлгэдэж буй. Хар хүрээ сэтэрхий байдаг ба монголчууд дайныг давж гарсныг илэрхийлдэг бол улаан залаа нь дайнд ялсныг илэрхийлдэг учиртай" хэмээн хуучиллаа. 


Дээрх сургалтад угсаатны хувцас урлах хүсэл сонирхолтой 30 гаруй хүн хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтад оролцогчид халх, дөрвөд, урианхай гэх мэт угсаатны хувцасны дэг жаяг, онцлогийг танин мэдэж, оёж урлах практик үйл ажиллагаа хийснээр цаашид угсаатны хувцас урлаачдын ур чадвар нэмэгдэх юм.  

 

Холбоотой мэдээ