Тапан Мишра: Засгийн газрын санаачилгуудыг харахад Монгол Улс зөв чиглэлд явж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-06 09:07:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлаг, Удирдлагын Академи, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөнийг зургаадугаар сарын 7-13-нд зохион байгуулна. 

 

Зөвлөгөөнөөр ямар асуудлыг хэлэлцэх талаар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаас тодрууллаа.

-Зөвлөгөөнд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар тэргүүлэх үүрэгтэйгээр, Монгол дахь НҮБ Суурин зохицуулагчийн газар бусад агентлагийг манлайлан оролцож, засаглалыг сайжруулахад улс орнуудын туршлагыг хуваалцана. Зөвлөгөөнийг Инчонд төвтэй засаглалыг сайжруулах хөтөлбөрөөс дэмжиж байгаа. Эхний хэсэгт засаглалыг сайжруулах дэмжих чиглэлд сургагч багш нарыг бэлтгэнэ. Эдгээр багш нар дараагийн гурван өдөр засаглалын чиглэлээрх сургалт хэлэлцүүлгийг удирдан чиглүүлнэ. Бүх яамны төлөөлөл, удирдлагын түвшний төлөөлөгчид оролцон, ялангуяа засаглалыг сайржуулах чиглэлээр олон зүйл суралцах юм. Ингэхдээ тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх чиглэлд засаглалыг хэрхэн, яаж үр дүнтэй болгоход анхаарлаа төвлөрүүлж ярилцана. Тодруулбал, дата мэдээлэл, өгөгдлийг хэрхэн ашиглах, дижитал цахим шижилтийг яаж үр дүнтэй ашиглах талаар ярилцсаны үр дүнд цаашид засаглалыг сайжруулах чиглэлд ямар арга хэмжээ авах, ямар хөтөлбөр боловсруулах, үйл ажиллагааны хөтөлбөр гаргах хэрэгтэй болно. Үүний үр дүнд засаглалын чиглэлээр үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэх анхны суурь алхмыг тавина гэж найдаж байна.

 

-Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглалд НҮБ-ын оролцоо ямар байх вэ?

-Зөвлөгөөнийг энэ цаг үед зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой. Учир нь НҮБ ирэх таван жилд Монгол Улсад хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ гэдэг баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлээд эхэлж байна. Энэ баримт бичгийн хүрээнд засаглал гэдэг нь Монголд хэрэгжүүлэх гурван үндсэн чиглэлийн нэг буюу маш ач холбогдолтой сэдэв байгаа тул удирдах түвшний хүмүүс зөвлөгөөнөөс маш их зүйл сурна гэж бодож байна.

 

-Монгол Улсад хэрэгжүүлэх гурван үндсэн чиглэлээ тодруулж ярина уу?

-Монгол Улсад хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх эхний чиглэлд хүний хөгжил, сайн сайхан байдлыг сайжруулна. Хот хөдөөгийн иргэд, ялангуяа эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүд 2027 он гэхэд нөөц боломжоо бүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, цочролд тэсвэртэй, эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламж, бусад үйлчилгээний үр шимийг хүртэнэ гэж тодорхойлсон байгаа. Удаах чиглэлд ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт авчирна. Монгол Улсын эдийн засаг 2027 он гэхэд илүү төрөлжсөн, шинэлэг бүтээмжтэй, хүртээмжтэй “ногоон” болж бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг ханган, эмэгтэйчүүд залуусын зохистой амьжиргааг тэтгэх, 21-р зууны эрэлт хэрэгцээтэй ур чадварыг хөгжүүлэх, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах хөгжлийг дэмжих юм. Нотолгоонд суурилсан жендерийн мэдрэмжтэй, байгалийн нөөц, байгаль орчны тогтвортой менежмент, гамшгийн эрсдэлийг бууруулах чадвар сайжирснаар хүн ам, экосистем, уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй болсон байна. Гуравт, хүн төвтэй засаглал, эрхзүйт ёс, хүний эрхийг авч үзсэн. Монгол Улсын бодлого боловсруулах хэрэгжүүлэх үйл явц 2027 он гэхэд жендерийн мэдрэмжтэй оролцоог хангасан, харилцан холбоотой, нотолгоонд суурилсан, Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, бүх шатны засаглалын байгууллагууд ил тод, хариуцлагатай ажиллаж, хүний эрхийг бүрэн хангаж хамгаалсан, тэгш шударга, эрх зүйт ёсыг хүн бүр, ялангуяа орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгүүд ялгаваргүй эдлэх боломж нөхцөл бүрдсэн байх юм.

 

-Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглалын сайн туршлагаас хуваалцана уу?

-Азийн улс орнуудаас БНСУ, Филиппин улсын сайн туршлагыг зөвлөгөөний үеэр илүү тогтож ярилцана. Учир нь тэдгээр улс орнууд засаглалаа сайжруулахад хуримтлуулсан сайн туршлагаас Монголын нөхцөлд илүү тохиромжтой, хэрэгжих боломжтой жишээнүүдийг авч ашигласнаараа засаглал нь сайжрах боломж гарна.

 

-Монгол Улсын засаглалын чадавхыг хэр байна гэж боддог вэ?

-Монгол Улс социалист дэглэмээс ардчилсан нийгэмд, зах зээлийн эдийн засагт шилжсэн. Ардчиллаар тэргүүлж буй улс орны нэг гэж өөрсдийгөө үздэг. Засаглал нь нээлттэй болж байгаа ч удирдлагын түвшний тухайд хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь хүчний тэнцвэргүй байдалд байна. Ийм үед засаглалыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэлээн хүчин чармайлт хэрэгтэй. Одоогоор засаглалын индексээр хэдэд байгааг хэлэх тоо баримт хараахан алга. Харин би юуг итгэлтэй хэлж чадах вэ гэвэл, Монгол Улсын Засгийн газар аль болох нээлттэй засаглалыг бий болгоход хүчин чармайлт гаргаж байна. Жишээ нь, өнөөгийн Засгийн газар, Ерөнхий сайдын санаачилгууд, засаглалыг нээлттэй, үр ашигтай, үр дүнтэй байлгах хэлбэрүүдийг түлхүү санал болгож байгааг харахад Монгол Улс зөв чиглэлд явж байна.

 

-Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглалд хот, хөдөөгийн ялгамж хэр нөлөөлөх бол?

-Монгол Улсын 3.4 сая хүн амын талаас илүү нь Улаанбаатарт амьдарч байна. Нийслэлд байгаа хүмүүсийн хувьд ч амьдралын тэгш бус байдал, ялгаа их бий. Хүн амын олонх буюу 60-аас илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдний амьдралын нөхцөл ч амаргүй, бусад төв суурин газартай харьцуулахад ялгаатай харагддаг. Хөдөөгийн хөгжил нь Засгийн газрын анхаарал тавьж буй асуудлын нэг болж, орон нутгийг хөгжүүлэхэд нэлээд ач холбогдол өгч байгаа. Орон нутагт хөгжлийн боломжууд бий болгох шаардлага бий. Малчид нутагтаа сайхан амьдрахын тулд тэдэнд эдийн засгийн боломжууд бий болгох хэрэгтэй. Ялангуяа малчдын орлого хавартаа ноолуур, намартаа мах зарах гэхчлэн улирлын чанартай байдаг. Энэ нөхцөлд хүмүүсийг нийслэлээс хөдөө рүү буц гэх боломжгүй. Иймд хөдөө орон нутагт тэднийг татах хөгжлийн таатай нөхцөл боломж бий болгох ёстой. Үүний тулд жижиг дунд бизнес, тодруулбал, сүү тараг, цагаан идээ боловсруулах орчин нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Монгол Улс удахгүй тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулна. Энд нэг сэдвийг онцолж хөндсөн нь орон нутаг, хөдөөгийн хөгжлийн асуудал юм. Үүнд зохих анхаарал тавьж, нэлээн зүйл хийхээр байгаа. Хөдөөд боломж бий болгосноор хотоос орон нутаг руу буцах хөдөлгөөн нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна.


Нэмж хэлэхэд, боловсролын салбарын 90-ээс дээш хувь нь нийслэлд байгаа нь төвлөрлийг нэмэх шалтгаан болж байгаа. Бусад орны жишгийг харахад хамгийн шилдэг сургууль нь улс даяар тархан байрладаг. Энэ загварын дагуу боловсролын байгууллагын институцыг тархаахад анхаарах нь чухал. Ингэснээр бусад салбар, ажлын байрыг дагасан хөдөлгөөн бий болно. Амьжиргааг дээшлүүлж, эрүүл мэндийн байдлыг сайжруулан, сургууль, цэцэрлэг бий болгосноор хүмүүс таатай амьдрах юм. Малчдын амьдрал ч дагаад сайжирна. Энэ байдлаар орон нутгийн хөгжлийн дэмжих боломжтой.

 

-МОНЦАМЭ агентлаг хамтраад онцгой байдлын тухай мэдээлэх, эрсдэлийн мэдээлэлд суурилсан харилцааг сурталчлах семинарыг ирэх мягмар гарагт зохион байгуулна. Семинарт НҮБ ямар ач холбогдол өгч байгаа вэ?

-Засаглал гэдэг нь тогтвортой хөгжилд хүрэх үндсэн суурь. Засаглалыг үр дүнтэй, үр ашигтай болгосноор хөгжлөөс хоцорч, орхигдох эрсдэл бүхий бүлэг хүмүүст хүрэх боломжтой юм. Тогтвортой хөгжлийг бүрэн утгаар нь дэмжих боломжтой учир МОНЦАМЭ агентлаг болон Удирдлагын академитай хамтран зохион байгуулж буй семинартаа маш их ач холбогдол өгч байна. Семинарт гамшгийн эрсдэлийг бууруулах, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцааг сайжруулахад сэтгүүлчдийн оролцоог нэмэх, тэднийг сургаж бэлтгэх талаар ярилцана. Ялангуяа гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хэвлэл мэдээллийнхний үүрэг оролцоо ямар байх вэ гэдэгт илүү суралцах боломжтой. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд