БАЯНХОНГОР: Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2023-06-02 13:57:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн үйл ажиллагааг "Нэгдүгээрт хүүхэд", "Эрүүл иргэн-Хонгорын баялаг" уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.


Баянхонгор аймаг 90 мянга шахам хүн амтайгаас 32 мянга нь 16 хүртэлх насны хүүхэд байна.

Баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон бусад байгууллага, агентлагийн дарга нар хүүхэд багачууддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм.


Нэгдсэн үйл ажиллагааны парад жагсаалд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн морин хуурч хүүхдүүд, хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагын 100 хүүхэд оролцож, Хонгор нутгийн хүүхэд багачууддаа хүндэтгэл үзүүллээ. Мөн үеэр 200 морин хуурч хүүхэд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "Монгол аялгуу"-г Баганат талбайд эгшиглүүлэв.


Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар зургадугаар сарын 1-нийг автомашингүй өдөр болгон 8.00-18.00 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хүүхэд багачуудаа чөлөөтэй зорчих боломжоор хангасан байна.