СҮХБААТАР: Нийт малчдын 14,5 хувь нь малаа даатгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-05-30 17:55:32

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт малчдын 10 орчим хувь малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг бол Сүхбаатар аймгийн малчдын 14,5 хувь нь даатгалд хамрагдаж малаа даатгуулжээ. Энэ бол маш муу үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасны дагуу түүврийн аргаар өрхийг сонгож, хагас жилийн мал тооллогыг явуулдаг. Уг тооллогыг явуулснаар тухайн сумын хэмжээнд малын хорогдлын түвшин заасан хэмжээнээс давсан тохиолдолд даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олгох боломж бүрддэгээрээ онцлог. Жишээлбэл, Баруун-Урт сумын нийт малын 10 гаруй хувь нь хорогдсон. Гэвч энэ сумаас даатгалд хамрагдсан малчин маш цөөн. Учир нь даатгалын ач холбогдлыг ойлгоогүй, эсвэл нөхөн олговор авах хэжмээний байдалд хүрч байгаагүй учир үл ойшоох нь их байдаг байна.


Энэ нөхцөл байдалтай биечлэн танилцсан Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хэлэхдээ, Малын хяналтын тооллогоор явж байхад малчид даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайн ойлгоогүй, яаж хэрэглэж хамрагдахаа мэдэхгүй, ямар тохиолдолд даатгал үйлчлэх, нөхөн олговор авах нөхцөл нь хэзээ бүрдэх зэрэг талаар мэдээлэлгүй байгаа нь ажиглагдлаа. Тиймээс цаашид даатгалын компаниудтай хамтарч малчдад зориулсан сургалт сурталчилгааг үе шаттай зохион байгуулах, даатгалын ач холбогдлыг ойлгуулж таниулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь байгаль цаг уурын гамшиг, зудын нөхцөл байдал сүүлийн жилүүдэд давтамж нь ойртож байгаа учраас энэ төрлийн даатгалын бүтээгдэхүнийг өргөн нэвтрүүлэх нэн шаардлагатай болсон байна. Ингэж байж малчдын амьжиргааг хамгаалах боломжтой гэв.

Малчид ч үр ашгийг нь үзэж байгаагүй болохоор даатгалд ач холбогдол өгдөггүй. Зарим нь банкны зээлд хамрагдахын тулд л даатгуулж байсан гэдгээ хэлж байв. Энэ удаагийн гамшгаар малаа алдсан өрхийн хохирлыг яаж барагдуулахыг харзнаж байна гэх нэгэн ч байлаа. 

Холбоотой мэдээ