АРХАНГАЙ: Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 124.5 сая төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-25 13:23:58

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Төрийн Аудитын газраас Хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудын 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгахад 21 байгууллагатай холбоотой 124.5 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Нийт илрүүлэлтийн 35.1 хувь буюу 43.7 сая төгрөгийн төсвийн хөрөнгөөр хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, урамшуулал, шагнал, дэмжлэг олгосон, 64.7 хувь буюу 80.5 сая төгрөгийг чиг үүрэг, орон тоог давхардуулан, сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнээгүй, 0.2 хувь буюу 0.3 сая төгрөг нь албан томилолтын зардалд хүчин төгөлдөр бус, бүрдэл дутуу анхан шатны баримтаар гүйлгээ хийсэн зэрэг зөрчил байв. Үүнд:


Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.2 "Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно", Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн  1.1-т " Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1, 5.2-т заасны дагуу тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглосон төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн холбогдох албан тушаалтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах, 5.3-т Засгийн газрын агентлагийн дарга, ИТХ, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно"  гэж заасныг зөрчин аймгийн Засаг дарга нь хоёр орлогч, хоёр зөвлөхтэй ажиллаж нийт 19.7 сая  төгрөгийн цалингийн зардал гаргасан байна.


Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.2 аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/16 дугаар тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орон тоонд төрийн үйлчилгээ-мэдээллийн төв хариуцсан ажилтны орон тоог баталсан бөгөөд тус ажилтанд нийт 7.9 сая төгрөгийг олгосон.


Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.3-т "Хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох" гэсэн заалттай нийцүүлж үзэхэд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэхэд шинэ санал санаачилга гаргасан албан хаагчдад урамшуулал, оны шилдэг албан хаагч,  багш нарт, сумын аварга ажилтан, сумын ачит эхчүүд, дархан бэр, уран бэр, ахмадуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг шагнал, тэмцээн уралдааны шагналд нийт 43.7 сая төгрөгийн зардал гаргасан Чулуут, Тариат, Цахир, Өндөр-Улаан, Хотонт, Хашаат, Цэнхэр, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан сумдын ЗДТГ, Цэцэрлэг, Төвшрүүлэх сумын ИТХ-тай холбоотой зөрчил тус тус илэрчээ.


Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3, 15.2.5, 15.2.6-т "Сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх" гэсэн заалттай нийцүүлж үзэхэд Төвшрүүлэх сумын ИТХ нь сургалт семинар, хурал зөвлөгөөнийг зохион байгуулахад болон томилолтын зардалд 9.8 сая төгрөгийг, Ар-Ус Ундарга ОНӨААТҮГ нь зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт семинарын зардалд 6.1 сая төгрөгийг, Архангайд үйлдвэрлэв ОНӨААТҮГ нь 3.8 сая төгрөгийн татварын өр үүсгэсэн, "Архангай орон сууц корпораци" ОНӨААТҮГ-т үйл ажиллагаанд 33.5 сая төгрөгийн дэмжлэг олгосон гээд 53.2 сая төгрөгийг зарцуулсан зөрчил илэрсэн байна.

Холбоотой мэдээ