Сансрын нисгэгчдийн Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани бүтээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /NASA/. “Artemis” хөтөлбөрийн хүрээнд 2029 онд сансрын нисгэгчдийг Саран дээр буулгах төхөөрөмжийг “Blue Origin” компани 3.4 тэрбум ам.долларын өртгөөр бүтээхээр болсныг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) цахим хуудсаараа мэдээлжээ.
АНУ-ын тэрбумтан Жефф
Безосын эзэмшдэг “Blue Origin” компани “Blue Moon” модулийг “зохион бүтээж, туршиж баталгаажуулна”
гэж NASA онцолжээ. Энэхүү төхөөрөмж нь Сарны гадаргуу дээр сансрын нисгэгч
нарыг буулгахаас гадна Сар орчмын тойрог замын АНУ-ын “Gateway”станцад холбогдох функцтэй модуль байх аж.
NASA-гийн төлөвлөгөөний дагуу 2029 онд “Artemis” хөтөлбөрийнх нь тав дахь үе шатанд дөрвөн сансрын нисгэгчийг “Orion” хөлгөөр Сарны станцад хүргэнэ. Сансрын уг хөлгийг “Space Launch System” хэт хүнд пуужингаар хөөргөх юм. Дараа нь сансрын нисгэгчдийн хоёр нь “Blue Moon” модулиар Сарны өмнөд туйл орчимд газардаж, ойролцоогоор нэг долоо хоногийн дараа буцаж Сарны станцтай холбогдох аж. “Artemis” -ын дөрөв дэх үе шатанд уг модулийг Сарны гадаргуу дээр автоматоор газардуулах туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөж байна.
2021 оны дөрөвдүгээр сард NASA "Artemis" хөтөлбөрийн гурав дахь үе шатанд ашиглахаар төлөвлөж байгаа буулгах төхөөрөмжийг бүтээх компаниар Илон Маскийн "SpaceX" компанийг сонгосон юм.
Саран дээр буулгах төхөөрөмжийг ийнхүү хоёр өөр компаниар бүтээлгэхээр сонгосон нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулан, Сарны гадаргуу дээр сансрын нисгэгчдийг газардуулах боломжийг нэмэгдүүлнэ гэж NASA мэдэгджээ.
Сарыг эзэмших “Artemis” хөтөлбөрөө NASA 2019 онд танилцуулсан бөгөөд эхний үе шатанд 2022 оны 11 дүгээр сарын 16-нд “SLS” пуужингаар “Orion” сансрын хөлгийг хөөргөж, уг хөлөг Сарыг тойрон нисэж, 2022 оны 12 дугаар сарын 11-нд Дэлхий рүү буцаж ирсэн юм. Хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисгэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд “NASA” сансрын нисэгчдээ Саран дээр буулгах ажээ.