Төрийн үйлчилгээний цалингийн тогтолцооны шинэ сэргэлт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2023-05-18 11:43:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 225 мянган хүн төрийн алба хашиж, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлснийхээ төлөө цалин авдаг юм байна. Түүний 100 мянга нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарт ажиллаж байна. Төрийн албан хаагчдын цалинг хувийн хэвшлийнхтэй харьцуулахад 400 мянган төгрөгөөр бага байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэлжээ.

Тэгвэл улсын хэмжээний дундаж цалин Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 1,2 сая төгрөг байгаа юм. Төрийн албан хаагчийн анхан шатны нэгж, соёл урлагийн салбарынхны дундаж цалин 760 мянган төгрөг байна Соёлын сайд Ч.Номин мэдээллээ. 


Салбарын нийт ажиллагсдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа юм байна. Тус салбарынхан үүнээс гадна олсон орлогынхоо 60 хүртэлх хувийг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бололцоо байдаг. Мөн 10 гаруй урамшууллыг гар дээрээ авах хуулийн зохицуулалт байгаа бололтой. Гэвч өнгөрсөн хугацаанд хуулиар нээж өгсөн дээрх бололцоо соёл урлагийн салбарынханд төдийгүй төрийн үйлчилгээний салбарынханд олдоогүй бололтой. Энэ бол үндсэн цалин нэмэгдэл орлогоосоо хэт доогуур байх нь тухайн салбарын ажилтнуудын нийгэм, эдийн засгийн баталгаа болж чадахгүй байгааг харуулж байна. Тэгээд ч нэмэгдэл орлого, элдэв урамшуулал тухайн салбарт төдийгүй төрийн үйлчилгээний байгууллагын дарга /1 хүн/-ын үзэмжээр шийдэгддэг тул ажилтан бүрд тэгш оногдох боломж туйлын бага байдаг гэдэг нь энэ салбарын ажилтнуудын авдаг цалинтай холбогдон гарч ирж байна.


Соёлын сайд энэ онд цалингийн асуудлыг шийдвэрлэж, боловсролын салбарын ажилтнуудын цалинтай дүйх хэмжээнд хүргэнэ гэжээ. Урлагийн салбарынхны цалин боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалингаас 6-25 хувиар доогуур байгаа юм байна. Тэрбээр одоо үйлчилж байгаа хууль эрхзүйн хүрээнд салбарынхаа ажилтнуудын орлогыг бага боловч нэмэх үүднээс эхний элжинд орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг432 байгууллагын 4470 ажилтны 3002-д нь нэг удаагийн тэтгэмж 6 сарын цалинтай тэнцэх мөнгөөр тэдний орлогыг нэмэхээр болжээ. “Чамлахаар чанга атга” гэдэг бариад л авах хэрэг.


Энэ удаа урлагийн салбарынхан дээр төвлөрч, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн тогтолцооны гажиг илэрлээ. Түүнээс биш төрд ажиллаж байгаа гэх боловч төрийн албан хаагчийн ТҮ зэрэглэлээр цалинждаг албан хаагчийн цалин хэт доогуур байдаг. Дээд /дарга/ албан тушаалтны өндөр цалинд татагдаад дундаж цалин өндөр гардаг. Салбар бүрийн ТҮ зэрэглэлээр цалинждаг төрийн албан хаагчийн гар дээр урлагийн ажилтны авдаг хэмжээн /570-995 мянган төгрөг/-ий цалин очдог нь нууц биш ээ.


Төрийн үйлчилгээний гэсэн тодотголтой албан хаагчдын цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг салбарын 30 хуулиар зохицуулж байна гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа хийсэн мэдээлэлдээ дурджээ. Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг нэгдсэн тогтолцоонд оруулаагүй хэт олон хуулиар зохицуулдаг нь цалингийн зөрүү хэт өндөр байх нөхцөлийг бүрдүүлжээ. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ, “Төрийн албан хаагчдын цалин хөрөөний ир шиг байгаа нь боловсон хүчний дутагдлыг бий болгож байна. Иймд төсвийн тодотгол хийхдээ цалингийн хэмжээг тэгшитгэнэ. Нэн тэргүүнд төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг шийднэ" хэмээн онцолжээ.


Энэ сэдвээр Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн өмнө жигдлэх байдлаар тохируулга хийх шаардлагатай. Үүний дараа үнийн өсөлттэй холбогдуулж цалинг өсгөх нь зөв юм" гэж байр сууриа илэрхийлсэн. Хүнийг хашиж байгаа албан тушаал, авч байгаа цалин хөлсөөр нь ялгаварлаж үл болно гэсэн санаа Үндсэн хуульд байдаг.  Гэвч эцэг хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж байх учиртай төрийн албанд зүтгэж байгаа салбар тус бүрийн төрийн үйлчилгээ нэртэй салан тусгаарлагдсан /ялгаварлагдсан/ ТҮ зэрэглэлийн хэт бага цалингийн тогтолцоо /өндөр зөрүүтэй/-ны гажиг нэгэнт тодорхой болжээ. Тэгээд ч хэт бага цалинг урт хугацаанд, олон жил үргэлжлүүлэн авах нь хүнийг хэт сульдаж доройтох суурь болдог сул талтай. Энэ сул талыг арилгаж, соёл, урлагийн салбарынхан, түүнтэй нэг түвшний цалин авдаг төрийн үйлчилгээний бусад салбарын албан хаагчийн цалинг нэг тогтолцоонд оруулах нь шинэ сэргэлт болно.

Холбоотой мэдээ