Инфляцад импортоос илүү дотоодын хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-16 15:36:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн төлөв байдал, инфляцын талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээллээ. Энэ талаар тус банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодруулав.


Тэрбээр, өнгөрсөн оны дунд үед 16.6 хувьтай байсан инфляцын түвшин өнөөдрийн байдлаар нийслэлд 10.9 хувьтай, улсын хэмжээнд 11 хувь руу бууж ирж буйг мэдээлж, энэ жил зорилтот түвшин болох 6-8 хувь буюу нэг оронтой тоонд хүрнэ гэдгийг мэдэгдэв.


-Инфляцад эзлэх импортын барааны нөлөө тогтвортой байхад дотоодын барааны үнэ эсрэгээр байгааг та бүхэн мэдээллээ. Үүнийг задалж тайлбарлана уу. Дотоодын хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад зонхилж байгаа нь юутай холбоотой байна вэ?

-Шууд хэлэхэд, ХАА, тэр дундаа мал аж ахуйн салбарын хөгжлийн доголдолтой холбоотой байна. Манай улсад сүүлийн жилүүдэд энэ салбар үр дүнд хүрэхгүй байгаа нь дотоодод хүнсний үйлдвэрлэлийн найдвартай, тогтвортой тогтолцоо бүрдэж өгөхгүй байгаатай холбоотой. Энэ нь инфляцад сөргөөр нөлөөлсөөр байна.


Энэ салбарыг улсын төсвийн татаас, хүүгийн хөнгөлөлт болон зээлийн нөхцөлийг сайжруулах зэргээр санхүүжилтийг дэмжиж ирсэн. Үүний үр дүнд мал аж ахуйгаасаа эхлээд ХАА-н салбар гээд бүгдийнх нь нийлүүлэлт жилийн 4 улирал тогтвортой байх, кластерын, нийлүүлэлтийн сүлжээний тогтолцоог бүрдүүлж авах учиртай юм.


Өнөөдөр ийм зүйл байхгүйгээс болоод хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн савлагаа нь инфляцыг өсгөж, хэрэглээний зардал дээр ч дарамт болж байна. Жишээ нь, хүнсний ногооны үнэ жилд 40-50 хувиар, мах, махан бүтээгдэхүүн 20 орчим хувиар савладаг. Ийм савлагаатай байгаа нөхцөлд үнэ тогтворжиход хэцүү. 


Нийт хугацаанд инфляцын задаргааг шинжлээд үзэхэд, мах, хүнсний ногоо, гурил, сүү, шатахуун гэсэн 4-5 нэр төрлийн бүтээгдэхүүн инфляцын өсөлтийн 40-50 хувийг (сарын инфляцын 50 хувийг дангаар бүрдүүлж байна) буюу үндсэн суурийг бүрдүүлж байна. Ийм богино хугацааны, улирлын шинж чанартай хөдөлгөөнийг, нийлүүлэлтийн доголдлоос үүдсэн үнийн савлагааг мөнгөний бодлогоор, бодлогын хүүгээр засварлах боломжгүй. Салбар нь өөрөө хөгжиж, тогтворжиж байж шийдэгдэнэ. Тодруулбал, намар нь авсан мах, сүү, хураасан ургац хавар нь чанараа алдахгүйгээр хэрэглэгчдэд хүрдэг байх тогтолцоог бүрдүүлэх учиртай.

Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой байснаар бондын төлбөр, дахин санхүүжилтийг хямд, бага зардал, өртгөөр хийх бололцоо бүрдэнэ.  

-Инфляцын түвшин өнөөдрийн байдлаар хэдэн хувиар буураад байна вэ?  

-Өнгөрсөн оны дунд үед 16.6 хувь болж буурч байсан. Одоо 11 хувь руу бууж ирж байна. Гэхдээ түрүүнд хэлснээр, дотроо, бүлэг бүлгээрээ өөр өөр байгаа. Энэ дотор хамгийн их үнэтэй, үнэ нь буурахгүй байгаа нь дотоодын хүнсний бараа бүтээгдэхүүний бүлэг болж, хэдийгээр дундаж үнийн өсөлт 11 хувьтай байгаа ч инфляцын 27-28 хувийг эзэлж байна. Үүний цаана нөгөө миний дурдаад буй 2-3-хан нэр төрлийн бараа бүтээгдэхүүн орж байгаа. Энэ нь иргэдийн хэрэглээ, өрхийн бодит орлогод нөлөөлсөн хэвээр байна.

Махны үнэ сүүлийн 3 сар дараалан огцом нэмэгдсэн нь инфляцын өсөлтийн 50 хувийг дангаар эзэлж байх жишээний. Мөн инфляцад гурилын үнэ нөлөөлж байна. Гурилын үнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ өсөж ирсэн. Тиймээс хүнсний үйлдвэрлэл, мал ахуйд ч ялгаагүй бүтээмжийг, тээвэр логистик гээд шалтгаалах бүтцийг сайжруулж, дээшлүүлж байж үнэ тогтворжино.


 

Нэмж хэлэхэд, инфляцад голлон нөлөөлж байсан 16 нэрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл 10 болж буурсан. Энд 3-4 нэгж хувийг тодорхойлсоор ирсэн импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнийн түвшин инфляц 10-16 хувьтай байсан ч тогтвортой хэвээр байна. Мөн инфляцын оргил өндөр үед 2-3 нэгж хувийг эзэлж байсан импортын хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 гаруй хувиар буурсан. Энэ нь инфляц буурахад гол хүчин зүйл болж байна. Мөн шатахууны үнэ инфляцын түвшин доошлоход ихээхэн нөлөөлсөн. Энэ нь нэгд, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан.


Хоёрт, ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүн үнийн дээд хязгаартай байгаа. Манай улс ОХУ-аас худалдан авч буй нефть бүтээгдэхүүн дээр урьдчилгаа төлбөрийг Монголбанкны санхүүжилтээр хийж байгаа. Эдгээр нөхцөл байдал болон манай улс хөнгөлөлттэй үнийн нөхцөлөөр авч байгаад нефть бүтээгдэхүүний хил үнэ аажмаар буурч байна. Энд валютын ханш тогтворжиж буй нь ч нөлөөлж байгаа. Харин өөрчлөгдөөгүй, бүр нэмэгдсээр ирсэн нь зочид буудал, хоол зэрэг үйлчилгээний бүлгийн үнэ болон дотоодын хүнсний бараа бүтээгдэхүүн болж улам дэвэргэсээр байна. 


Оны эхний 4 сарын байдлаар манай улс 38 мянган тонн мах экспортлоод байна.


-Тэгвэл бүтээмжийг яаж дээшлүүлэх вэ?

-Манайд эдийн засгийн өрсөлдөх чадвар дутагдаж байна. Үүгээр л бид бусад улс оронтой харьцуулж байж өөрсдийгөө хэмжинэ шүү дээ. Олон улсын зах зээлд ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлж чадаж байна гэдгээр өрсөлдөх чадвараа тодорхойлно. Үүний цаана гол яригддаг юм нь бүтээмжийн асуудал юм.

Жишээ нь, сүүлийн хэдэн жил мал аж ахуй дээр экспортын асуудал хөндөгдөнгүүт л дотоодын зах зээл дээр махны үнэ өсдөг болсон. Оны эхний 4 сарын байдлаар жишээ нь, өнгөрсөн жил 18 мянган тонн, 2021 оны 22 мянган тонн мах экспортолж байсантай харьцуулахад, 38 мянган тонн буюу бараг нэг жилд гаргадаг махаа эхний ганц улиралд экспортлоод байна.

Энэ бол сайн хэрэг боловч дахин хэлэхэд, махаа амт, чанараас нь эхлээд олон улсын стандарт, экспортын шаардлагыг ханган гаргадаг шигээ дотоодын зах зээл дээр ч чанарыг нь сайжруулж, нийлүүлэлтээ тогтвортой, хангалттай хийх ёстой. Ингэж байж өрхийн хэрэгцээг хангахуйц байхаас гадна өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд голлон нөлөөлөөд буй махны үнэ буурна.


-Олон улсын агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" буюу “Тогтвортой түвшинд байна” гэсэн өмнөх төсөөллөө хэвээр үлдээлээ. Энэ нь юунд голлон нөлөөлөв?

-Засгийн газар, Монголбанк 2020 оноос эхлээд, ковидын цар тахлын дараа ч хамтран гадаад бондыг нөхөн санхүүжүүлэх болон эргэн төлөхөд анхаарч ирсэн. Өрийг тодорхой хэмжээгээр эргэн төлөөд, үлдсэн хэсгийн хугацааг сунган дахин санхүүжүүлснээр багасгасан. Гурван удаа дахин санхүүжүүлсэн. Үүний цаана Монгол Улсын зээлжих зэрэглэлийн асуудал байдаг. Энэ нь тогтвортой, цаашид сайжирч байж дахин санхүүжилтийг хямд, бага зардал, өртгөөр хийх бололцоо бүрдэнэ.

Холбоотой мэдээ