Канадын Ерөнхий сайд ойн түймэр дэгдээд байгаа мужийн байдалтай танилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-16 14:26:42

ОТТАВА. /Reuters/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо томоохон газар нутгийг хамарсан ойн түймэр дэгдээд байгаа Альберта мужийн нөхцөл байдалтай даваа гарагт танилцжээ.


Альберта муж нь Канадын газрын тос олборлогч гол муж бөгөөд ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл буураад байгаа төдийгүй ойрын 10 орчим хоногт бороо орохгүй гэж цаг уурчид таамаглаж байна.


Тус мужийн нийслэл Эдмонтон хотноо Ж.Трюдо түймэр унтраах, сэргээн босгох ажилд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас хойш дайчлагдан ажиллаж буй Канадын цэргүүдтэй уулзаж нөхцөл байдлын талаар шинэ мэдээлэл авчээ. Ойрын өдрүүдэд нэмэлт хүч дахин ирэх төлөвтэй байна гэж Альберта мужийн засаг захиргаа мэдээлсэн байна.


Альберта мужид дэгдсэн түймэр томоохон нутаг дэвсгэрийг хамарсны улмаас 30 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрч, газрын тосны нийт олборлолтын 3.7 орчим хувь буюу өдөрт 319 мянга орчим торх газрын тосны олборлолт зогсжээ.


Канадын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээлснээр, тавдугаар сарын эхний 11 хоногт Альберта мужийн зарим нутгуудаар, түүний дотор Эдмонтон хотод агаарын температур хэт халсан үзүүлэлт бүртгэгдсэн байна. 


Ж.Трюдод нөхцөл байдлын талаар илтгэсэн офицеруудын нэг болох дэд хурандаа Бен Шмидт хамгийн их эрсдэлтэй байгаа бүс нутгуудын байдлыг танилцуулаад, ойрын өдрүүдэд бороо орохгүй гэсэн цаг агаарын урьдчилсан төлөв нь “байдлыг улам дордуулж болзошгүй байгааг" хэлжээ.


Даваа гаргийн үдээс хойших байдлаар Альберта мужид нийт 90 түймэр дэгдсэнээс 23 нь хяналтаас гарч, 17 400 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар 74 түймэр асаж, 16 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.


“Нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна” гэж Альберта мужийн ойн түймэртэй тэмцэх албаны ажилтан Кристи Такер хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байв.


Ж.Трюдо нь баасан гарагт Японд болох “Долоо бүлэг”-ийн уулзалтаас өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзахаар мягмар гарагт Сөүл хотыг зорих ёстой юм.


Гал түймрийн улмаас Канадын түүхий газрын тосны үнэ сүүлийн хэдэн сарын дунджаас өсөөд байна.

Холбоотой мэдээ