ХОВД: Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 41 бизнес эрхлэгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-10 13:30:51

Жаргалант /МОНЦАМЭ/.  Жижиг, дунд, гарааны бизнесийг дэмжиж 10 сая төгрөг хүртэл буцалтгүй тэтгэлэг олгодог "Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн төслийн сонгон шалгаруулалт өнөөдөр Ховд аймагт болж байна.  

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр "Хөгжлийн шийдэл" ТББ-ын хэрэгжүүлж буй "Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх" (BEST) хөтөлбөрийн хүрээнд 12 аймагт "Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр" хэрэгжүүлж байна.

Тус  хөтөлбөрийн үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаа аймгуудын нэг бол Ховд. Өнгөрсөн хугацаанд Ховд аймгаас жижиг, дунд, гарааны 8 бизнес шалгарч, 10 сая төгрөг хүртэл тэтгэлэг авах замаар бизнесээ өргөжүүлж, хөгжүүлж чадсан.

Тэгвэл энэ жилийн тухайд цаашид тогтвортой хөгжих боломжтой ч банк санхүүгийн байгууллагын бизнесийн зээлийн шалгуурыг хангахгүй байгаа жижиг, дунд бизнес болон гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж "Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр"-т хамрагдах хүсэлтээ шинээр ирүүлжээ.

Үүнээс 41 иргэн, аж ахуйн нэгжийг төслийн сонгон шалгаруулалтад оролцуулж, бизнес төслөө нээлттэй танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулж байна. "Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн үйл ажиллагаа ийнхүү Ховд аймагт 3 дахь жилдээ өрнөж байгаагаараа онцлогтой. Энэ удаа тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан, зах зээлийн эрэлтэд нийцсэн, бизнесээ хөгжүүлэх боломжтой 5 хүртэлх иргэн, аж ахуйн нэгжийн төслийг сонгон авч, 10 сая төгрөг хүртэл буцалтгүй тэтгэлэг олгоно гэдгийг зохион байгуулагчид хэллээ. 

Холбоотой мэдээ