Оюуны спортынхныг дэмжиж хандив цуглуулах уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-08 12:20:03

Энэ оны 11 дүгээр сард Турк Улсын Анкара хотод зохиогдох өсвөрийн даамчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговийн дөрвөн даамчин оролцох эрх авчээ.

Тус тэмцээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн сурагч даамын Ази тивийн аварга, Турк даамын дэлхийн аварга,100 буудалт даамын дэлхийн аваргын мөнгөн медальт, Дэлхийн даамын холбооны дэд мастер Э.Хүслэн,Ази тивийн хошой аварга Дэлхийн даамын холбооны дэд мастер Н.Налжормаа, Ази тивийн аварга дэд мастер Б.Түвшин, Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт, дэд мастер С.Энхтүвшин нар оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Өсвөрийн даамчдыг даамын спортын мастер Ш.Өвгөн багш дасгалжуулж байгаа аж. Харин тэмцээнд оролцохоор шалгарсан тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар  ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулиас уриалга гаргасныг аймгийн  ерөнхий боловсролын нийт сургуулиудын  захирал, нийгмийн ажилтнуудын  хамтарсан  хурлаар дэмжиж багш бүр 1000,  сурагч бүр 500 төгрөг хандивлахаар болжээ.

Дашрамд дурдахад энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон өсвөрийн даамчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нэгдүгээр сургуулийн долоон даамчин оролцож 7 алт, 5 мөнгө,4 хүрэл нийт 16 медаль хүртсэн хосгүй амжилт гаргасан байна.     

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ