СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 459 сурагч физикийн хичээлийг сонгон судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-08 14:04:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймаг “Сургалтын байгууллага тоног төхөөрөмж” арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, боловсролын байгууллагынхаа сургалтын орчин нөхцөлийг сайжруулан, шинэ техник технологиор ханган ажиллаж байна.  


Дээрх үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар сумын ЕБ-ын 6 сургуульд Физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг хими, биологи, технологи, физикийн хичээлийн иж бүрэн кабинеттай болгох зорилтоо бүрэн хэрэгжүүлж байгаа юм. Аймгийн хэмжээнд 459 сурагч физикийн хичээлийг сонгон судалж байна.  

Энэ үеэр “Цаашид ч энэхүү бодлогын хүрээг өргөтгөн үе шаттайгаар бусад сургуулиа тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж ажиллана. Техник технологийн энэ эрин зуунд хүүхэд залуус цаг ямагт хөгжиж байх ёстой.

Олон арван шилдэг инженерүүд төрөн гарч, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувьд нэмрээ оруулах учиртай” гэдгийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж онцлон тэмдэглэсэн.


Аймгийн зүгээс “Азийн физикийн XXIII олимпиад”-ыг угтан ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Онол ба Их энерги Одон орон геофизикийн хүрээлэнгийн лабораторийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш, сурагчдад зориулсан сургалт, туршилтын үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байна.


Сэлэнгэ аймгийн тухайд 399 төгсөгч инженерчлэл үйлдвэрлэл, зохион бүтээлт мэргэшлээр их, дээд сургуульд суралцаж байгаа аж.

Дээрх үйл ажиллагаанд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн удирдлагууд, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, гавьяат багш нар, эрдэмтэд, ШУИС-ийн багш нар оролцлоо.

Холбоотой мэдээ