ДАРХАН-УУЛ: “Эр зоригийн бэлгэдэл” баримал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-04 11:57:04

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хашаа дотор “Эр зоригийн бэлгэдэл” баримал бий. Энэхүү баримлыг барих санаачилгыг анх 1998 онд ОБГ-ын дарга дээд ахмад /хуучин нэрээр тухайн үеийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа/ Ш.Лхагвасүрэн гаргаж наймдугаар сард хамт олноороо барьж босгожээ.

Тус баримал нь эр хүний зориг, тэвчээр, авхаалж самбаа, хүч чадлыг харуулсан хүчит гар, түүний дээр нисэж буй бүргэд шувуугаар  дүрсэлжээ. Уг дүрслэл нь тус байгууллагын онцлог, эв нэгдэл, эрч хүч, ажлын ур чадварыг бэлгэдэн бүтээсэн аж.

Хөшөөний нүүрэн талд Онцгой байдлын байгууллагын өдрийг тохиолдуулан тус хамт олон Монгол Улсын төрийн далбаа, Дархан-Уул аймгийн туг,  Онцгой байдлын албаны тугийг суурилуулж хамгаалах хоёр арслан байрлуулсан нь утга төгөлдөр болжээ.

Энэхүү хоёр арслангийн баримлыг 2008 оны 10 дугаар сард ОБА-ны гал сөнөөгч Н.Батзаяа барьж босгожээ. Тугийн суурийг гантиглан түүн дээр Төрийн далбаа нь ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл мөн гэж бичиж мөнхөлжээ.

Ташрамд, одоогоор уг баримлыг байрнаас нь түр авсан аж. Учир нь ОБГ-ын барилгын өргөтгөл барьж буй тул гэмтэхээс сэргийлж хураасан. Барилгын ажил дууссаны дараа “Эр зоригийн бэлгэдэл" баримлыг дахин байрлуулах ажээ.

Холбоотой мэдээ